Л.Сансар:Дүү бид хоёр компьютер дээр тоглоом тоглохоос илүүтэйгээр код бичих дуртай

2020-04-17

Гар утасны “2020 AR War” тоглоомын зохион бүтээгч 11 настай Л.Сансар,түүний дүү есөн настай Л.Өлзийт нартай Лондон хотоос цахимаар холбогдож ярьлаа.

Харин хамгийн гайхалтай нь сургууль дээр нь анх энэ тухай анхан шатны зүйлс зааснаас хойш өөр ямар ч тусгай сургалт,багшаар заалгалгүйгээр бүгдийг бие даан сурчээ.

Ахынх нь хувьд ирээдүйд код бичих чадвараа улам сайжруулахыг хүсдэг бол дүүгийнх нь хувьд эмч болохыг хүсдэг гэлээ.

-Хэзээнээс эхэлж код бичиж сурсан бэ,ямар нэгэн тусгай сургалтанд суусан уу?

-Л.Сансар:Код бичиж эхлээд хоёр жил болж байна. Анхан шатны зүйлсийг нь манай сургууль дээр заасан. Харин тэрнээс цааш бусдыг нь сонирхлоороо гэрээсээ бие дааж сурсан. Миний хувьд вебсайтаасаа илүү аппликешний код бичилтийг илүү сонирхдог. Click To TweetАппликейшнаа swift  болон phyton хэл ашиглаж хийдэг. Хүмүүс Phyton-ыг хиймэл оюун ухаан тал руу илүү хэрэглэдэг боловч миний хувьд ихэвчлэн гар утасны тоглоом,царай таних технологид хэрэглэдэг.

Python нь өргөн хэрэглээтэй, ерөнхий зориулалтын өндөр түвшний програмчлалын хэл юм.

-Компьютерийн ард ер нь хэр хугацааг зарцуулж байна вэ,аав ээж чинь дэлгэц удаан ширтлээ гээд дургүйцэж байна уу?

-Л.Сансар:Зарим эх эхчүүдийн хувьд хүүхдээ нэг бол огт хэрэггүй юм хийнэ,эсвэл тоглоом тоглоод нүдээ муутгадаг гэж боддог. Бид хоёрын хувьд чаддаг юмаа улам сайн хийдэг болох гэж л компьютер дээр суудаг.

Зарим хүүхэд тоглоом тоглох дуртай бол зарим нь бид хоёр шиг код бичих дуртай байж болно.

Ер нь сонголт л байх даа. Гэхдээ бид хоёр ч бас хааяа тоглоом тоглодог л доо/инээв/

-Аав,ээжээс нь асууя. Хүүхдүүдийнхээ сонирхлыг хичээл номтой нь хэрхэн зохицуулж явдаг вэ,ер нь хүүхдүүдээ их дэмждэг байх?

-Аав:Манай хүний хувьд хувцасны дизайны чиглэлийн хүн,миний хувьд тээврийн чиглэлийн хүн. Хоёулаа компьютер дээр их маруухан,ойр зуурын цахим шуудангаа шалгах дайны хүмүүс. Хоёр хүү маань ихэвчлэн онлайнаас авсан номноосоо харж хийсээр байгаад л сурсан даа.

Ийм ном,ийм юм авмаар байна гэхэд нь эхлүүлчихсэн байгаа төслүүдээ дуусгачихсан үед нь авч өгнө гэдэг. Гол нь нэг юм эхлүүлээд хаях биш гэдэг ойлгуулахыг хүсдэг.Урамшуулал маягаар хүсч байгаа номыг нь авч өгдөг.Гол нь бага хугацаанд үр бүтээлтэй суухыг зөвлөдөг.

Жирийн үедээ өдөрт 2-3 цаг суудаг бол сая аппликейшнээ хийх гээд харин нилээн тэвчээртэй суусан.

Эхэлж байх үедээ долоо хоногтоо нэг,хоёр суудаг байж байгаад сүүлрүүгээ бүр сонирхолтой болоод цагаа жаахан уртасгасан. Жирийн үед бол өдөрт нэг удаадаа цагийн зайтайгаар 2-3 удаа суудаг. Click To Tweet

-Л.Сансар:Бид хоёр тоглоомоо сая Apple-ийн дэлгүүрт оруулсан. Одоо тоглоомоо андройд руу шилжүүлэх гээд ёстой хэцүү байна,өдөржин суугаад л байгаа.

-Та хоёрын хувьд нэг нь код бичдэг,нөгөө нь дизайнаа гаргадаг,нэг ёсны цомхон баг юм байна,тийм үү?

-Л.Сансар:Би кодоо бичдэг. Харин манай Дүүдээ Photoshop,Adobe Premiere гээд график дизайны чиглэлийг нь хийдэг. Тэхтээ одооноос бас код бичиж сурч байгаа.

-Аав:Манай хүүгийн хувьд дүүгийнхээ нэрийг “Дүүдээ” гээд ойлгочихсон. Бид нар багад нь дүүдээ ингээрэй,тэгээрэй гээд байхаар дүүгийнхээ нэрийг “Дүүдээ” гэж бодчихсон юм шиг байгаа юм. Уг нь бол Өлзийт/инээв/

-Код бичих нь юу нь тийм сонирхолтой юм бэ?

-Л.Сансар:Код биччихээр яг л шал өөр ертөнцөд оччихсон юм шиг санагддаг. Нэг л хүчтэй,эрх чөлөөтэй,зүгээр л гайхалтай санагддаг.

-Л.Өлзийт:Миний хувьд код бичих нь сонирхолтой зүйл.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

-Л.Сансар:Миний хувьд энэ код бичилтийн чиглэлээрээ явна гэж боддог. Шилдэг код бичдэг болно. Манай дүү анагаахын шинжлэх ухаанд их сонирхолтой.

-Л.Өлзийт:Харин би эмч болохыг хүсдэг.

-Коронавирус гээд сургууль нь амарчихсан ямар санагдаж байна вэ?

-Л.Сансар:Эхний долоо хоногт “Ашгүй дээ,сургууль амарчихлаа” гээд их баяртай байсан.

Харин одоо бол үнэхээр уйтгартай байна,сургуульдаа явмаар байна.

Манай ангийнхан ч бас уйдаж байгаа байх.

-Үүнийг уншиж байгаа хүмүүст хандаж нэмж хэлэх зүйл байна уу?

-Л.Сансар:Анх тоглоомоо тавихдаа 0.99 центийн үнэтэйгээр тавьж байсан бол одоо үнэгүй болгочихсон байгаа. Тийм болохоор бидний хийсэн тоглоомыг тоглоод үзээрэй.

Тэдний вебсайтаар зочлох бол ЭНД

Тэдний фэйсбүүк хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ