• Сонгууль-2020: Увс аймагт АН-аас анх удаа торойхын төлөө дахин нэг үзнэ

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Монгол улсад 1992 оноос хойш болсон бүх сонгуульд 80 мянга гаруй хүн амтай Увсынхан зөвхөн МАН-аас нэр дэвшигчдийг сонгож ирсэн. Увсаас Ц.Нямдорж хамгийн олон удаа буюу дөрвөн удаа УИХ-д сонгогджээ. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар дөрөвдэхээ сонгогдохоор нэр дэвшинэ.

    Байнгын гурван мандаттай явж ирсэн Увс аймгийнхан өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар  Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат гурвыг сонгосон. Тэд гурвуулаа сайдын алба хашсан. Одоо ч Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат хоёр сайдын алба хашиж, Б.Чойжилсүрэн УИХ-ын байнгын хорооны даргын албыг хашиж явна.

    Өнгөрсөн 16 оны сонгуулиар АН Увсадп тойрог зурах гэж алж өгсөн. Үүнд нь шаралхсан Ч.Хүрэлбаатар “Чадалтай аавын хүү Увсад ирж надтай өрсөлдөөрэй” хэмээн аархсаар ахин сонгогдсон.

    Энэ жил ч гурван гишүүн нь МАН-аас дахин нэр дэвших байх. Н.Цэрэнбат “Увс нуур” бөхийн галын тэргүүн болсон болохоор Увсын бөхчүүд сонгуулиар түүнийг дэмжих нь тодорхой. Улсын аварга С.Мөнхбат ч байсгээд л Н.Цэрэнбат сайдыг, дэмжээрэй гэчихсэн явна гэсэн.

    Б.Чойжилсүрэнг Увсаас нэр дэвшихгүй Хар-Уул дүүргийг зорино гэсэн яриа гарсан ч худал байх. Энэ нь Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан нарын зүгээс тараасан шум байх гэлцэнэ. МАН Увсад Б.Чойжилсүрэнг илгээхгүй бол нэг суудлаа алдах магадлалтай хамаан яриа ч байна. Ч.Хүрэлбаатар сайдыг Хотгор шанагын уурхай гэх хуучирсан сэдвээр гөвөх байх.

    АН-аас Увсад өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд ялагдсан “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, “Оюуны ундраа” группийн захирал С.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн Д.Болорсүрэн, Ц.Чимидцэрэн нараас шигшиж, гурвыг нь дэвшүүлэх ажээ.

    “ТЭСО”-гийн О.Цогтгэрэл сүүлийн хоёр удаагийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Тэрээр Увсад дахин очихгүй гээд Сонгинохайрхан дүүргийг услаж” байсан ч З.Энхболд түүнийг Увс руу дахин яваач гэж хүсчээ. Ингээд усалсан Сонгинохайрхан дүүрэгт нь ах Л.Сайнбуян нь нэр дэвшихээр шийдээд байгаа сурагтай. Эмэгтэйчүүдийн квотоор улсын заан Д.Бумбаярын гэргий,  НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Увсад нэр дэвшүүлэх нь баараггүй бололтой.

    “Оюуны ундраа” группийн захирал С.Отгонбаяр нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы төрсөн ах. Өмнө нь “Эрэл”-ийн намаас нэр дэвшин УИХ-д сонгогдож, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж явсан нэгэн.

    Харин Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэнгийн хувьд бондын мөнгөнөөс хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-т шалгагдсан.

    Харин Ардчилсан намын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр шинэ байгуулсан намаасаа дэвших байх . Ардчилал Шинэчлэлийн Намыг Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн багийнхан буюу АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Э.Бямбацэрэн, Д.Анхбаяр нар үүсгэн байгуулж дарга, генсек болцгоосон.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ