• Нэг Засгийн газар гарч ирээд хөгжлийн бодлого төлөвлөдөг ч хэрэгжилт байхгүй

    УИХ-ын өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

    УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, …” гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…” гэж тус тус заасан.

    Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч илтгэлдээ онцоллоо.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчдаас гишүүд асуулт, асуулаа.

    УИХ-ын гишүүн О.Батнасан “Хуулийн төслийг дэмжиж байна. Цар тахалтай УОК, Эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж байгаа. Дэлхийн нийтийн анхаарал Монгол Улс руу хандаж байгааг бүгд мэдэрч байна. Энэ үед хоёр асуудалд анхаармаар байна. Нэгдүгээрт, аялал жуулчлал. Цар тахлын үед л хөл хорио тогтоосон болохоос биш дэлхий 7 тэрбум хүний 3 тэрбум нь хөдөлгөөнд байгаа. Үндсэндээ нэг тэрбум хүн аялал жуулчлал хийж байгаа талаар судалгаа бий. Тиймээс манай улс аялал жуулчлалаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж юуны түрүүнд агаарын тээврээ чөлөөтэй болгох шаардлагатай. Зах зээлийнх нь зарчмаар өрсөлдөөн бий болгох нь чухал. Жуулчид ирээд муухай, сайхныг ярьдаггүй. Коронавирусээс сайн хамгаалж байгаа нь манай улсыг дэлхий нийтэд таниулж байгаа. Мөн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа ашиглаж байж Монгол Улс хөгжинө. Энэ талаар төсөлд хэрхэн тусгагдсан бэ”.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт “1945 оноос хойш Монгол Улс бодлогын хөгжлөө тав таван жилээр тодорхойлж ирсэн. 1990 оноос хойш хөгжлийн бодлогын асуудал нэлээд орхигдсоныг төлөвлөх гэж оролдсон боловч төдийлөн хэрэгжээгүй. 1996 онд Жасрай гуай Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг төлөвлөж Их хурлаар батлуулж байсан. Мөн 1998 онд М.Энхсайхан Ерөнхий сайдын үед хөгжлийн бодлогыг боловсруулж байсан. 2016 онд мөн Үндэсний хөгжлийн цогц бодлого 20:30 хөтөлбөрийг баталсан. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь хэрхэн яаж зохицуулж, зөв төлөвлөж, хэрхэн зохион байгуулж, улмаар хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг нь үнэлэх асуудал  орхигдож ирсэн. Тийм учраас энэ төслийг боловсруулсан”.

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнгөрсөн 30 жилд  ололт, амжилт аль аль нь бий. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Орхигдсон асуудлын нэг нь хөгжлийн бодлого төлөвлөлт, худалдаатай холбоотой асуудал. Үйлдвэрийн хүчин чадал сул ийм үед худалдааны чиглэлээ сайтар төлөвлөдөг байдал мөн хаягдсан. Нэг Засгийн газар гарч ирээд хөгжлийн бодлого төлөвлөдөг. Үндсэндээ 1990 оноос хойш дөрвөн хөгжлийн бодлого гарсан ч хэрэгжилт байхгүй. Энэ бүхнийг зангидан бүтцийн өөрчлөлт хийх бодлогын хууль орж ирж байгаа юм. Тогтвортой хөгжил 20:30 хөтөлбөрийн хүрээнд энэ жил бид 1 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй. Тахалтай холбоотойгоор энэ тоо хэд дахин буурах байх. 2025 онд 1.5 сая, 2030 онд 2 сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. Монгол Улсын хөгжлийн гол суурийн нэг нь аялал жуулчлалын салбар. Хоёрдох хөдөө аж ахуйн салбар. 1990 ээд оны дунд үеэс хойш эдийн засагт эзлэх хөдөө аж ахуйн салбар 38 хувь орчим байсан бол өнөөдөр 9 орчим хувь болж уул уурхай голлох болсон. Уул уурхай хөгжих хэрээр бусад салбараа орхигдуулдаг. Тиймээс салбаруудын хөгжлийг тэгш авч явахад энэ хууль асар ач холбогдолтой”.

    УИХын гишүүн Ц.Цогзолмаа “Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал зайлшгүй чухал. Дөрвөн жилийн хугацаатай богино бодлогын төлөвлөлттэй явах нь алсаа тодорхойлж чаддаггүй. Дэлхийн улс орнууд хөгжлийн бодлогоо технологийн шинэчлэлтэй холбон төлөвлөх болсон. Тийм учраас технологийн чиглэлд хүний нөөцөө бэлтгэх асуудал нь энэ баримт бичгийн үндсэн хэсэг байгаасай гэж хүсч байна”.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ