Бээжингийн дунд сургуулийн зарим ангийн хичээлийг энэ сарын сүүлээр нээхээр болжээ

2020-04-16

Бээжингийн  дунд, ахлах сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын хичээлийг 4 дүгээр сарын 27-ны өдрөөс, бага сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Харин Шанхай хотын захиргаа дунд, ахлах сургуулийн төгсөх анги болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 4 дүгээр сарын 27-ны өдрөөс, дунд, ахлах сургуулийн төгсөх ангиас бусад ангиуд мөн бага сургуулийн хичээлийг 5 дугаар сарын 6-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ, журмыг хатуу мөрдлөг болгон ажиллахыг хотын Боловсролын хорооноос үүрэг болгожээ.

Ухань хотын хөл хорионы дэглэм цуцлагдсан хэдий ч “Covid-19”-ийн халдвар дахин гарахаас сэргийлэн Хубэй муж даяар халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд мөрдөн хэрэгжүүлж байна. Тус мужид томоохон зах, худалдааны төвүүд нээгдээгүй, сургууль цэцэрлэг, коллежийн хичээл эхлээгүй хэвээр байна. Мөн иргэдийг амны хаалт тогтмол зүүх хэрэгтэйг анхааруулж, орон сууцны хорооллоос гарч, орж буй иргэдийн биеийн байцаалтыг шалган, халууныг байнга хэмжиж байна.

БНХАУ “Covid-19”-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шаардлагыг зөрчсөн гадаадын иргэдийн визийг цуцлах, заасан хугацаанд өөрийн нутгаас гарахыг шаардах, эсвэл албадан гаргаж 1-10 жилийн хугацаанд тус улсад дахин нэвтрэх эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авахаар болов.

ОХУ-тай хиллэдэг Хөх мөрөн мужийн хилийн боомтоор Оросоос ирж буй иргэдийн дунд “Covid-19” халдварын тохиолдол их байгаа тул тус мужийн Сүйфэньхө болон Мүданьжян хотод түр эмнэлэг нээж уг өвчнөөр өвдсөн мөн халдварын шинж тэмдэггүй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэхээр болсон байна. Мөн Мүданьжян хотод 4200 зочид буудлын өрөөг иргэдийг тусгаарлахад зориулан бэлдээд байгаа аж.

БНХАУ-ын Худалдааны яам 4 дүгээр сарын 14-ний өдөр халдварын эсрэг бүтээгдэхүүний экспортыг хянах явцад зарим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйг илрүүлжээ. Тиймээс эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэгч “Бээжингийн Дичи Блокчейн Технологийн Хөгжил” ХХК, “Айбаода Технологи” ХХК-ийн экспортыг зогсоосон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ