• М.Энхсайхан:Элбэгдоржийн дэмжлэг нь яагаад хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм гэдгийг тодруулах хүсэлт тавьсан

    М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.  Шүүх хуралдааны дараа тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлсэн юм.

    -Шүүх хуралдааны товыг тогтоосон уу. Хэзээ болох вэ?

    -Сая шүүх эцсийн шийдвэрийг гаргалаа. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хурал болохоор боллоо. Энэ удаад манай өмгөөлөгч гомдол гаргасан. Миний зүгээс ч бас хүсэлт тавьсан. Тавантолгойн асуудлаар намайг шүүх гээд байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр гээд байгаа. Тэр нь ямар дэмжлэг юм. Яахаар тэр хүний дэмжлэг нь хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм. Энэ асуудлыг мөрдөн байцаалтад буцааж, тодруулаач гэсэн хүсэлт тавьсан. Би УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө яллагдагч болчихоод явж байна. УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, өргөн барьсан төслийг нь хүлээж авсан УИХ-ын дарга З.Энхболдыг ч шалгах ёстой.

    Дээрээс нь энэ асуудлыг тойроод улстөржилт маш их гарч байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 100 жилээр үнэгүй өгөх гэсэн гэж худлаа яриад, нэлээд улстөржүүлсэн шүү дээ. Юуг үнэгүй, юуг нь 100 жил гээд байгаа юм. Тэр талаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэдүүлэг аваач. Дээрээс нь хорлон сүйтгэх гэж үндэсний аюулгүй байдалтай холбож буруутгаад байгаа учраас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг аваач гэсэн. Энэ бүх хүсэлтийг шүүх хуралдааны үеэр ярилцаж шийдвэрлэе гэсэн.

    -Та өөрийгөө буруугүй гэж үзэж байна уу. Эрх мэдлээ урвуулан ашигласан гээд байгаа шүү дээ?

    -Огт буруу байхгүй.  Нэг хэргийг хоёр талаас нь хэлж байгаа байхгүй юу.  Нэг талаас Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдгээр шүүгээд байна. Нөгөө талаас Тавантолгойн гэрээнд эрх мэдлээ урвуулан ашиглаад, Японы “Суматимо”, Хятадын “Шинхуа”-д давуу эрх олгосон гээд байгаа. Би өмгөөлөгчөөрөө дамжуулж хүсэлт гаргасан. Үнэхээр тийм юм байгаа бол юуг давуу эрх олгосон гээд байгаа юм. Давуу эрх гээд ойлгоод байгаагаа нэгдүгээрт тодруул гэсэн. Хоёрдугаарт, эдгээр компаниас мэдүүлэг ав. Түүний үндсэн дээр хэргийн материал бүтэн болно гэж хүсэлт тавьсан. Миний хүсэлтийг хэрэгжүүлээгүй. Зөвхөн нэг талыг барьсан ажиллаагаа явуулж байна. Гэхдээ яахав, шүүхэд очоод л харъя.

    -Та Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүсээс мэдүүлэг аваач гэдэг хүсэлт л тавиад байгаа юм байна шүү дээ?

    -Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Ч.Гансүх гээд бүх хүнээс мэдүүлэг ав гэж байгаа юм. Намайг буруутгах гэж байгаа шийдвэрийг нь гаргаж өгсөн энэ хүмүүсээс тодруулга мэдүүлгээ аваад, бүтэн болгоод шийдээч ээ л гэж хэлж байна.

    -Та УИХ, Засгийн газрын даалгаврыг л биелүүлсэн гэж хэллээ.  Гэтэл тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд гэрээний эх хувиа өгөөгүй гэж хэлдэг?

    -Тэдний юу ярьж, улстөржиж байгаа нь миний асуудал биш. Миний бэлтгэж өгсөн, олон яамдын ажлын хэсэг оролцож хийсэн төслийг Ч.Сайханбилэг Засгийн газраар хэлэлцүүлээд, өөрийнхөө албан тоотоор өргөн барьсан. Өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчихоод байгаа юм.

    -ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх таныг мэтгэлцээнд дуудсан боловч ирээгүй гэдэг.  Энэ ямар учиртай юм бэ?

    -Төрийн ажлыг телевизээр шийддэг юм уу.  Тэр үед чинь ажлаа хийж байгаа хүмүүсийн асуудлын тухай ярьж байсан. Харин нэгэнт болоод өнгөрсөн, улс төр хийж байгаа асуудлын талаар би хэнтэй ч маргахад бэлэн. Ажлаа хийж байгаа хүнийг ил тод нэрийн дор дуудаж, маргаан дэгдээгээд байвал улс төрд л үйлчлэхээс ажил хэрэгт үйлчлэхгүй шүү дээ.

    -Эрдэнэс Таван Толгой”-н тусгай зөвшөөрөл болон газар ашиглах эрхийг 60 жилийн хугацаатайгаар төслийг авах компанид үнэ төлбөргүй шилжүүлэх заалт байсан гэж ярьдаг?

    -Төсөлд тогтоосон хугацаа 30 жил. Гадны хөрөнгө оруулагчдын хийсэн хөрөнгө оруулалт, жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр, 270 км төмөр зам барих гээд бүх үүрэг даалгавраа биелүүлсний үндсэн дээр 30 жилийн дараа ажиллах Засгийн газар сунгах байдлаар хийж өгсөн юм. Тэрийг л автоматаар 30, 30 жилээр сунгана гээд байгаа юм.

    -Таныг буруутгаж байгаа бас нэг үндэслэл нь ҮАБЗ-өөс зөвлөх компани авч ажиллуул гэж зөвлөсөн. Гэтэл зөвлөмжийг хэрэгжүүлж, зөвлөх компани авч ажиллуулаагүй гэдэг?

    -Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд давчуу байсан. Арванхоёрдугаар сараас цагаан сар хүртэл хугацаа бага байсан юм. Түүнээс гадна, гадаадын зөвлөх компани гэдэг асар үнэтэй байдаг. Үнэтэй компани авах мөнгийг Засгийн газар гаргаж чадах уу гэдэг нь хамаарч байсан.

    -Төсөл дөрвөн удаа өөрчлөгдсөн. Дөрвөн өөр төсөл ирсэн гэдэг яриа байдаг. Энэ үнэн үү?

    -Худлаа, нэг л төсөл байгаа. Бүгдийг нь шалгаад тогтоочихсон.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ