• “Банхар” Б.Батзоригийн дөрвөн жил

    Манай улстөрд, тэр дундаа УИХ-д сонирхолтой “гарууд” цөөнгүй бий. Тэдний нэг нь мэдээж Б.Батзориг. Түүнийг УИХ-аас чөлөөлөх асуудал хэлэлцэгдэж байна

    Өөрийгөө Баянзүрхийн гэж дуудуулах дуртай ч тус дүүргийнхэн түүнийг банхаруудаар нь л мэддэг. Дөрвөн жил УИХ-д суусан Б.Батзоригийн хувьд сайнаасаа илүү саараар олонд танигдсан.

    Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа босгосон хөшөөнүүдийнхээ талаар ярихдаа онигоонд орж эхэлсэн тэрбээр хотын фракциас урвасан. Үүнийхээ хүчинд ХХААХҮ-ийн сайдын суудалд нэг жил орчим суусан. Гэвч өөрийнх нь албан ажлын хүрээнд байх ЖДҮХС болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг мэдээлэлд ойр хүрээллийнхэн буюу УИХ дахь ангийнхандаа өгч, өөрийнхөө компанид ч авсан нь ил болж огцорсон юм.

    Тэгвэл түүний хувьд ЖДҮХС-гийн асуудлаар хэрэг нь шүүх дээр очсон тул УИХ-аас өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгөөд байна. Анх УИХ-ын гишүүн болохынхоо өмнөх үеэс эхлээд л тэрбээр онигоонд орж ирсэн нэгэн.

    MGL radio-гоос бэлтгэсэн “100 асуулт&100 хариулт” нэвтрүүлгийн нэгэн дугаарт уригдахдаа хэлсэн үг нь түүнийг олны доог тохуу болгож орхисон. УИХ-ын гишүүн Б.Батзориг дүүрэгтээ банхарын хөшөө барьсан тухайгаа ийн ярьжээ.

    “Чулуун овооны тойрогт банхар, арслангийн хөшөө барьсан нь их учиртай. Манай Баянзүрх дүүргийн шүтээн нь цагаан арслан. Харин Баянзүрх хайрхны савдаг нь нохой. Тиймээс Нацагдорж хамбатай ярилцаж байгаад ард иргэдээ муу муухай юмнаас хамгаалах, нөгөө талаасаа хотын өнгө үзэмжинд нэмэр болох зорилгоор тэр хөшөөг барьсан. Шүтээн талаас нь харвал их чухал зүйл. Их өндөр төсвөөр барьсан гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ 280 сая төгрөгөөр л бүтээсэн. Тэр хөшөөг барьсны дараа судалгаа гаргаж үзсэн л дээ. Ер нь тэр хөшөө барьснаас хойш манай дүүрэгт гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл буурсан байна лээ. Би барьсан шүтээн, хөшөөнийхөө тухай тэр бүр ярьдаггүй. Харин энэ удаа та асуусан учраас ярьчихлаа” гэсэн нь бий.

    Б.Батзориг УИХ-ын гишүүн болсоноосоо хойш УИХ-ын Байнгын хорооны дарга, салбарын сайдын албыг хашиж Баяжуулсан хүнсний тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиуд дээр ажиллаж, танхимын нөхдийн хамт өргөн барьж хэлэлцүүлж ирсэн. Тэгэхээр бас ч гэж дуугүй суудаг “короля” биш.

    Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд Нийслэлчүүдэд хамгийн их тулгамддаг агаарын бохирдол, утааны эсрэг ажиллаж УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог удирдаж байлаа.

    Харин УИХ-аас татгалзах болсон шалтгаан нь өөрийн биеийг уснаас авч гарахтай холбоотой. Тэр ЖДҮ-гийн хэргээр шүүхээс зайлшгүй ял дуулах учиртай болохоор улсын яллагч буюу Прокурортой ялаа наймаалцсан гэлцэж байна. Тиймээс л УИХ-ын гишүүнээс ёс төдий татгалзаж байгаа юм.

    Ёс төдий гэдэг нь сүүлийн жил хагас уг асуудлаар шалгагдаж байж одоо хоёр, гуравхан сарын настай УИХ-аас нэр төдий татгалзаж байгааг нь хэлж байгаа юм.

    Түүнд МАН болон прокурор, шүүхээс асар их дарамт ирж байгааг үгүйсгэж болохгүй л дээ. Гэхдээ л нөгөө “үхрийн сүүлэн дээр хутга” гээч энэ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ