• Д.Сарангэрэл: Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхээр бол харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломж нээгдэнэ

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
    Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Асуддлыг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн. 2020 онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна. Нислэг зогссонтой холбогдуулан асуудал үүсч байгаа ч Онцгой комисс эрүүл мэндийн салбарын нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, бодис авах ажлыг тусгай үүргийн онгоцоор шийдээд явж байгаа. Цаашид ч зохион байгуулаад явах боломжтой.

    Анхан шатны тусламж үйлчилгээ 242 төв бий. Бид анхан шатны тусламжийн үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлагатай. Тоног төхөөрөмж, байраар дэмжиж байгаа. Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд ойртох боломж үүснэ.

    Энэ хуульд Өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн үзлэг, хянах, эрсдэлийн үнэлгээг жил бүр зайлшгүй хийж байхыг хуульчилж өгч байгаа. Энэ нь өөрөө том дэвшил юм.

    Анхан шатны үйлчилгээ авах нь иргэдийн сонголтоор, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлахын тулд  Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхээр бол харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна” гэсэн юм.

    gereg.mn

    Холбоотой мэдээ