С.Чинзориг: Нийтдээ НДШ төлж байгаа 600-700 мянган ажилтан НДШ-ээс чөлөөлөгдөнө

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

С.Чинзориг “НДШ, ХХОАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Одоо хуулийг дагаж гарах журам батлагдана. УИХ-ын шийдвэр гараад ажилтны болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, улсаас төлж байгаа учраас ажилтны нийгмийн даатгалыг төлснөөр тооцож бичилт хийнэ.

Ингэснээр тэтгэвэр тэтгэмж авах, ажилласан жил тасалдахгүй байх, ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулахаар журамд тусгаж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтнуудыг сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар бодож нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ бас зургаан сар чөлөөлөгдөнө. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр бодож НД-ийн дэвтэр дээр бичилт нь хийгдэнэ. Харин үүнээс илүүгээр төлөх хүн байвал түүнийг нь нээлттэй үлдээхээр журамд зааж өгч байгаа.

Ирэх долоо хоногийн эхээр журмаа боловсруулж УИХ-д оруулж батлуулна. Нийтдээ НДШ төлж байгаа 600-700 мянган ажилтан НДШ-ээс чөлөөлөгдөнө.

Нэгэнт хууль 04.01-10.01 хүртэл гэж батлагдсан учраас журам нь хэзээ батлагдаж гарахаас үл хамааран хууль хэрэгжээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тодруулбал энэ сараас эхлэн байгуулагууд ажилтныхаа цалингаас шимтгэл авахгүйгээр бүтэн тооцож цалинг нь олгоно. Дөрөвдүгээр сарын НДШ-ийг төлчихсөн байгууллага байвал журмаараа ажилчиддаа буцааж олгоно” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ