• Сонгууль 2020:Хэнтий аймагт Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргатай бусад намаас нэр дэвшигчид тулна

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.
    Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Хэнтий аймаг УИХ-ын гурван мандаттай. Өмнөх сонгуулиар гурван тойрогтой байсан Хэнтийгээс сонгогдсон Д.Гантулга хүчингийн  хэргээр татагдсанаас хойш Хэнтий аймгийн зарим сумд бүтэн хоёр жил төрд төлөөлөлгүй байгаа билээ. Хоёр ч удаа тэрхүү 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан боловч тухай бүрт нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэн зогсоосон.

    Хэнтий аймаг сонгогч болон иргэдийн тоогоор Дорнод аймгаас бага боловч өнгөрсөн сонгуулийн өмнө АН-ынхан гурван тойрог болгосон юм. Гэтэл Дорнод аймаг хоёр тойрог болсон. Энэ удаа ч МАН-д ашигтай учир энэ хэвээрээ үлдээд байна.

    МАН-ын гишүүдийг сонгодог учир “улаан тойрог” гэх нь бий. Б.Баабар хүртэл хорссондоо “Хэнтийн гурван тэнэг” хэмээх үг яриаг гаргаж байсан билээ.

    Б.Бат-Эрдэнэ энэ тойргоос хамгийн олон буюу дөрвөн удаа сонгогдсон гишүүн. Энэ удаа тав дахиа нэр дэвших гэж буй. Энэ удаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар түүнтэй хамт нэр дэвших болов уу.

    У.Хүрэлсүх Хэнтийгээс хоёр ч удаа УИХ-д сонгогдон сууж байсан. Харин Л.Оюун-эрдэнэ өнгөрсөн сонгуулиар нэр дэвшиж сонгогдсон юм. Өнгөрсөн хоёр жилд 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлагдсан тэр үеэс Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус тойрогт нэлээд идэвхтэй ажилласан.

    Мөн Л.Оюун-Эрдэнийн хувьд Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгохоор Чингис хаантай холбоотой хөшөө дурсгалуудаас эхлээд цогцолборуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж эхэлсэн.

    Тэгвэл АН-аас уг тойрогт өмнө нь өрсөлдөж ялагдсан Ж.Оюунбаатар дахин нэр дэвшихийг хүсч байгаа нь тодорхой. Харин УИХ-ын гишүүн асан “Монроуд”-ын Н.Гарамгайбаатар энэ удаа чимээгүй л байна. Учир нь түүнийг Хөгжлийн банкны хэргээр шалгаж байгаа. Энэ удаа мөн өмнө нь нэр дэвшээд ялагдсан Д.Хүдэрбаатар ахин нэр дэвшихийг хүсчээ.

    Тэднээс гадна Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн баавайгийн охин Б.Энхбайгаль, “Эрдэнэс-Монгол” компаний захирал асан Б.Бямбасайхан, аймгийн АЗХ-ны тэргүүн Т.Пүрэвхатан нар нэр дэвшихээр намдаа дэнчингийн 100 саяыг тушаагаад буй.

    Б.Бямбасайханы хувьд Ч.Сайханбилэгтэй хамт Дубайн гэрээг байгуулсан асуудлаар шалгагдаж буй нь нэр дэвшихэд нь саад болж магадгүй

    Харин МАХН-ын “Танд тустай эвсэл”-ээс улсын начин Б.Одхүү, бие даан нэр дэвшихээр хуульч Л.Батжав,  Н.Нарантуяа нар яваа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ