• Б.Болдсайхан:Огт вирусгүй байж болно, эсвэл халдвар аваад эдгэсэн байж болно

    “Сонгдо” эмнэлгээр эмчлүүлж буй хоёр хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл өчигдөр иргэдийг сандаргасан. Гэвч шинжилгээний хариу эцэстээ сөрөг гарсан талаар ЭМЯ-аас мэдээлсэн билээ. Энэ асуудлаар “УБ Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан мэдээлэл хийж,  уучлал гуйлаа. 

    Б.Болдсайхан “Юуны өмнө иргэдийг сандраасандаа уучлал гуйж байна. Манайд хэвтэж байгаа 88 настай, хавдрын дөрөвдүгээр зэрэгт орчихсон, туяа эмчилгээ 2, 3, хими эмчилгээ 6, 7 хийлгэсэн, дархлаа их дарангуйлагдсан хүн байгаа.

    Манайд уушигны хүнд хатгалгааны улмаас 2, 3 удаа хэвтэж эмчлүүлж байгаа юм. Хүүхэд нь бас ОХУ-д зорчоод ирсэн түүхтэй.  Тиймээс сэжиглэх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөө хүн нь ч гэсэн уушигны хүнд өвчтэй. Тийм учраас ковид-19 вирус байна уу, үгүй гэдгийг оношлох шаардлагатай байсан.

    Манай эмнэлэг өөрийнхөө зардлаар хамгаалах хэрэгсэл, оношлуур авсан байгаа. Түүний нэг нь JTM гэдэг оношлуур. Богино хугацаанд, 5-10 минутад шинэ коронавирусийг оношлоход хэрэглэдэг. Хэрвээ коронавирусийн халдвар авснаас хойш 2-7 хоногийн хугацаанд өвчинтэй тэмцэх уураг хүний биед үүсдэг. Тэр уургууд бий болсон уу, үгүй гэдгийг үздэг оношлуур юм энэ.

    Вирус байгаа гэдгийг биш, биед нь халдвар ороод, дархлааны систем нь эсрэг биетийг бий болгосон уу гэдгийг нь үздэг оношлогоо.  Гэхдээ 100 хувь оношлодог оношлуур гэж хаана ч байхгүй.  Тэр битгий хэл PCR ч алдаатай оношлох магадлалтай.

    Энэ оношлогоог Хятадад их өргөн хэрэглэж байгаа. Манайх хурдан оношлуур авахдаа хамгийн найдвартайг сонгосон. Улмаар хоёр хүнээ оношлож үзсэн. Арай залуу хүн нь гайгүй гарсан.  Харин 88 настай хүнийг оношлоход эсрэг биет үүссэн байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусээс өвчлөөд, эсрэг биет үүссэн байна гэж гарсан гэсэн үг.

    Хоёр дахин үзсэн, хоёуланд нь эерэг гарсан. “Сонгдо” эмнэлгийн хувьд тэр хүнийг тусгаарлаад, нэг,  хоёрдугаар хавьтлаа тусгаарлаж, ХӨСҮТ рүү яриад, яаралтай PCR шинжилгээ өгсөн. Яг вирус нь байна уу гэдгийг тогтоох шинжилгээг өгүүлсэн юм.

    Манай энэ оношлуураар эерэг гарна гэдэг яг вирустэй гэсэн үг биш. Огт вирусгүй байж болно, эсвэл халдвар аваад эдгэсэн байж болно.  ХӨСҮТ-өөс ирээд, шинжилгээ авсан. Шөнө 02:00 цагт ХӨСҮТ-өөс PCR шинжилгээ авахад вирус байхгүй байна гэдэг мэдээлэл өгсөн.

    Бид ард иргэдээ хамгаалахын тулд тандалт, шинжилгээ хийнэ. 40-өөд хүнд хийсэн байгаа. Өчигдөр бид иргэдээ айлгаж, тэвдүүллээ.  Түүндээ уучлал гуйя. Гэхдээ зайлшгүй бид сэжигтэйд тооцож, оношлож, яаралтай арга хэмжээ авах ёстой байсан юм” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ