• ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

    УИХ-ын Хуульзүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав.

    Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23 өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан.

    Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бус явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс ангид байх үндэсний тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн орчныг тодорхойлсон бөгөөд түүнчлэн Комиссын гишүүдийн тоог 5 болгох, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан.

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д “Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” хэмээн заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулсан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцууллаа.

    Төсөлд сонгон шалгаруулалт явуулах үе шат, зарыг нийтэд мэдээлэх, холбогдох ажлын хэсэг байгуулах, нэр дэвших хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, оролцогчийн талаарх мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэв.

    Мөн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нэр дэвшигч тус бүрийг ажлын хэсгийн гишүүдэд тохиолдлын журмаар хуваарилан, холбогдох бүх мэдээллийг судлуулах бөгөөд мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулж, ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм байна. Түүнчлэн нэр дэвшигчийн анкетын загварыг тусгайлан боловсруулжээ.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батзандан, Н.Оюундарь, Д.Ганболд, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм.

    Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг УИХ дахь олонхийн болон цөөнхийн бүлгээс санал болгосон нэг, нэг төлөөлөл, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны нэг төлөөлөл, ХЗДХЯ, ШЕЗ, ТАЗ тус бүрээс нэг төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд 5-аас доошгүй жил идэвхтэй ажиллаж байгаа форум, сүлжээ, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Хуульчдын холбоо тус бүрээс санал болгосон нэг төлөөллийн бүрэлдэхүүнтэй буюу нийт есөн гишүүнтэй Ажлын хэсэг эрхлэн гүйцэтгэх юм байна.

    Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн тодруулсны дагуу Комисс таван гишүүнтэй байх бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байхаар тусгасны дагуу журмын төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарлав.

    Журмын төсөл дэх Комиссын гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэсэн нь “хууль зүйн өндөр мэдлэг, чадвартай, хараат бус, төсвийг сахиж ажиллах чадвар, өндөр ёс зүйтэй” хэмээн тайлбарлагдсан байгааг Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тайлбарлав.

    “Хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдэг шаардлагаас үүдэн сонгон шалгаруулалтын хүрээ хумигдах учраас “хууль зүйн дээд боловсролтой” гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлж байв.

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар тусгай зохицуулалт тусгаж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан байдаг тул энэ дагуу “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг тусад нь боловсруулсан.

    Төсөл дэх зохицуулалтууд холбогдох хуульд нийцсэн гэдгийг Байнгын хорооны дарга болон Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тайлбарласан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний олонх нь “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай”, “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолуудыг тус тус батлахыг дэмжлээ.

    Ингэснээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах болон Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлагдав.

    ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 04.15-05.15-ны өдрөөр тогтоолоо

    Эдгээр журам батлагдсантай холбоотойгоор “Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай” Байнгын хорооны төслийг хэлэлцэж, энэ талаар Х.Нямбаатар гишүүн танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоохоор заажээ.

    Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нар үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн сонгон шалгаруулалтыг аль болох богино хугацаанд, хуульд нийцүүлэн зохион байгуулах саналыг гаргасан. Хугацаатай холбоотой зохицуулалтууд холбогдох хуульд тодорхой байгаа талаар Байнгын хорооны дарга тайлбар хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, Байнгын хорооны тогтоол батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ