• Ц.Эрдэнэбаяр:Цаашдаа шатахууны үнийг энэ оныг дуустал хямдарсан хэвээр барихаар ажиллаж байна

    Энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “2020 он гарснаас хойш түүхий тосны олон улсын бирж дээрх үнэ 72 ам.доллараас буурч байна. 1-4 сард үнэ буусантай холбоотойгоор манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа буусан. Манай улс түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас авч байгаа. Үлдсэн тав орчим хувийг БНСАУ, БНХАУ зэрэг улсуудаас авч байна.

    Энэ оны нэгдүгээр сард АИ92 бензин литр тутамдаа 1830 төгрөг байсан. Гуравдугаар сарын хил үнэ АИ92 бензин литр тутамдаа 58 ам.доллараар бууж орж ирсэн. Үүний дагуу дотоодод литр тутамд нь 50 төгрөгөөр бууруулсан.

    Гуравдугаар сарын 25-нд дөрөвдүгээр сарын хилийн үнэ тонн тутамдаа 209 ам.доллараар буусан. Тиймээс дөрөвдүгээр сарын 13-наас эхлээд бүх ШТС-уудын үнийг 300 төгрөгөөр буулгаж ажиллалаа.

    Гуравдугаар сарын эхээр ОХУ болон ОПЕК-ын уулзалт нэлээд маргаан дагуулсан. Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулахад санал нэгдэж чадаагүй. Үүний улмаас түүхий тосны үнэ дахид 20-30 хувиар буурч 26 ам.долларт хүрсэн.

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ОПЕК-ийн орнууд хэлэлцэж газрын тосны олборлолтын хэмжээг 9.5 сая тонноор бууруулахаар тохиролцож байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна.

    Тиймээс тосны үнэ эргэн өсч 32-35 ам.доллар дээр очсон байна. Тэгэхээр цаашдаа газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өснө гэсэн таамаг байна. Гэхдээ манай улс буурсан үнээ тодорхой хугацаанд барихаар ажиллаж байна” гэлээ.

    -Зарим ШТС үнээ бууруулаагүй байна?

    -Шатахууны үнийг механик үйлдлээр буулгаж байна. Улсын хэмжээнд 1300, Улаанбаатарын хэмжээнд 250 орчим шатахуун түгээх станц байгаа. ШТС бүр дээр очиж үнийн самбарт өөрчлөлт оруулна. Энэ нь 2-3 хоног шаардана. Өнөө өглөөний байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд бүх шатахуун түгээх станцын үнэ буусан байгаа. Хөдөө орон нутгаар өнөөдрөөс эхлээд буугаад явна.

    -Цаашдаа хэр хугацаанд буурсан үнийг хадгалах боломжтой вэ?

    -Одоогийн бууралт дэлхийн зах зээл дээр үнэ буурсантай холбоотой. Дараа сард олон улсын Сингапурын бирж дээр тодорхой хэмжээний үнийн зохицуулалт хийнэ. Цаашдаа энэ оныг дуустал хямдарсан үнийг барихаар ажиллаж байна. Манай улсад шатахууны борлуулалт 30-40 хувиар буурсан. Тэгэхээр үнэтэй байхад авсан нөөц байгаа гэсэн үг. Тавдугаар сард энэ үнэ хадгалагдана гэж таамаглаж байна. Дөрөвдүгээр сарын 20-25-ны хооронд ОХУ-аас манайд хил үнээ өгнө. Цаашдаа энэ үнийг тогтвортой барихаар ажиллана.

    -Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 3-4 дахин буурсан байхад манайд 300 төгрөгөөр буурч байгаа нь хангалтгүй байна гэж үзэх хүмүүс байна. Үүнээс илүү буурах боломж байгаа юу?

    -Гуравдугаар сарын эхний долоо хоногт газрын тосны үнэ 20 гаруй ам.долларт хүрсэн. Тэр үед манайд 50 төгрөг буурсан. Дахиад 300 төгрөгийн бууралт хийж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнэ манай улсад сарын дараа мэдэгддэгтэй холбоотой. 2017 оноос хойш шатахууны үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа. Энэ сарын 13-15-ны хооронд үнийн бууралтыг 100 хувь хийж дуусна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ