Сонгууль 2020: Хөвсгөл аймагт МАН-ын УИХ-ын гишүүдтэй бусад намаас шинэ нэр дэвшигчид тулна

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

Хөвсгөл аймаг 85597 сонгогчтой ба тэд гурван мандатад өөрсдийгөө төлөөлөх гишүүдийг сонгоно.

Эрх баригч МАН-аас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дахин нэг удаа нэр дэвшихийг хүсч байгаа.

Л.Энх-Амгалан бол Монгол улсад хийхгүй бизнес байхгүй, том жижиг тендер бүгдийг хамдаг MCS группын эздийн нэг. Хэдий 60 тэрбумынх, МАНАН-гийнх гэгддэг ч энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ авчих өндөр магадалалтай. ЖДҮ сангийн зээлийн асуудалтай ч мөн нэр холбогдсон.

Л.Энх-Амгаланг “Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Буман сор” хоршооны “Хөргүүртэй агуулах”,  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын цэнгэл” хоршооны “Сайн тэжээл” гэх гурван төслийг дэмжүүлэхээр 2018 оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандсан гэдэг.

Өнгөрсөн хоёрдугаар сард  Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт барьцаагүй, хүүгүй 60 сая төгрөгийн зээл өгсөн, гэвч зээлээ өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа хэмээсэн. Хөвсгөл нутагтаа хийсэн ажилтай гэх Л.Энх-Амгалан энэ удаа дахин дэмжлэг хүлээх эсэхийг цаг хугацаа харуулна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөвсгөлөөс МАН-аас хоёр, бие дааж нэг удаа дэвшин ялалт байгуулж байсан. Засгийн газрын гишүүн болоод Хөвсгөлийг зорих Ц.Даваасүрэнгийн зам улам дурайсан. Түүнийг Монгол улсын хэрэгжүүлэх гэж байсан томоохон цахилгаан станцын төслүүдийг зогсоосон, болиулсан гэдэг ч хамгийн сүүлд Тавантолгойн ДЦС барих төслийг төр хариуцахаал болсныг дуулгасан. Уг нь тэр станцыг Оюутолгой төсөл санхүүжүүлэх ёстой ч асар өндөр дүнтэй ТЭЗҮ өгсөн хэмээн шүүмжилж байсан юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хувьд дахин нэг нэр дэвшихээр уухайлж буй.Л.Мөнхбаатарыг анх С.Баярын хүн гэдэг байв. Хэрэв намаасаа нэр дэвших эрхээ өвөртөлж чадвал аймагтаа алзахгүй гэлцэнэ. Гэвч тэрбээр ЖДҮХС-гаас “Аёон пропортийз” компанидаа зээл авсан гэх яриа бий. Энэ бүхнийг сонгогчид хэрхэн харахаас тэднийг сонгох, үгүй нь тодорно. Сөрөг хүчнийхэн бол муулж, мяалахыг үзүүлж өгнө.

Харин АН-аас яг хэн нэр дэвшихийг хэлэхэд хэцүү юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч агсан Б.Чимидийн хүү Ч.Батцогт, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ш.Идэрбаясгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Баярмаа, бизнес эрхлэгч Х.Эрдэнэбаатар, Г.Мөнгөнхуяг АИТХ-ын АН-ын бүлгийн дарга, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, “Урагшлах” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар өрсөлдөх чимээ дуулдаж байна. Тэд 100 саяа тушаасан хэмээх мэдээлэл ч бий.

Ч.Батцогт нь Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх байсан ба өмнөх сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан юм. Харин Б.Баярмааг “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаар нь нутгийнхан нь андахгүй бол Х.Эрдэнэбаатар банк бус болон каргоны бизнес эрхэлдэг нэгэн гэнэ.

Тэгвэл Ц.Оюунгэрэлийн хувьд сонгуулийн багийнхаа ард ажиллан ялбал томоохон албан тушаалд очих сонирхолтой аж.

Хөвсгөлд бусад нам эвслээс нэр дэвшигчдийн нэр одоогоор тодорхойгүй ч Монгол Улсын харцага, Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг бие даан өрсөлдөх тухай яригдаж байна .

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ