• Сонгууль 2020:Ховд аймагт энэ удаа МАН, АН хүч тэнцүү өрсөлдөнө

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Ховд аймаг УИХ-ын сонгуулиар гурван гишүүн сонгох мандаттай. Баруун бүсийн тулгуур төв Ховд нь бусад аймгуудаа бодвол хөгжил, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч. 53451 сонгогч саналаа өгөх тооцоо бий.

    Өмнөх сонгуулиар МАН-ын С.Бямбацогт, О.Батнасан, АН-ын Д.Пүрэвдорж нарыг УИХ-д сонгосон.

    С.Бямбацогт ам хэлтэй, томоохон хуулийн төслүүд дээр МАН-аас ажиллаж байгаа цөөхөн залуусын нэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгэн автор гэгдэж буй. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ХЗДХ-ийн сайд байсан тэрбээр концессын асуудалтай нэр холбогдсон ч АН эрх барьж байх үеийнх гэсээр чимээгүй болгосон. Гэвч энэ удаагийн сонгуулиар уг асуудал нь дахиад л сөхөгдөх байх.

    Харин О.Батнасангийн хувьд хаа нэг ам ангайхаас байгаа, байхгүй нь мэдэгддэггүй нэгэн. Мөн ЖДҮ-д нэр холбогдож байсан.

    Энэ удаа МАН-аас С.Бямбацогт, О.Батнасан нарыг эмэгтэйчүүдийн квотын дагуу Ц.Цогзолмаагийн хамт Ховдод илгээх бололтой. Ц.Цогзолмаагийн хувьд хотын фракцийг түшсээр улстөрд гүнзгий орж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсээр өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдсон. Тэр өөрийн ажиллаж буй Засгийн газрыг унагахаар бичигт гарын үсэг зураад өөрөө огцорч дуустлаа фракцидаа үнэнч үлдсэн. Үүнийгээ тэрээр “20 жилийн нөхөрлөлөө дээр тавилаа” гэсэн.

    Ховдын гурван мандатад АН-аас нэр дэвшихийг хүсэгчид чихэлдэж буй. Хамгийн эхэнд мэдээж АН-аас УИХ-д сууж байгаа Д.Пүрэвдорж байгаа нь мэдээж. Түүнийг ГИХАЭГ-ын дарга байхдаа авлигын хэрэгт сэжиглэгдэн ажлаа өгсөн гэлцдэг. АН-ын гишүүн байгаад ШИНЭ нам байгуулан гарсан Ж.Батзандан түүнийг УИХ-ын чуулган дээр Ц.Элбэгдоржийн дүү гэж байсан удаатай. Гэхдээ л тэр ямар нэгэн асуудалгүйгээр АН-аас дахин нэр дэвших эрхээ авна.

    “Гаалийн” гэгддэг Ш.Адьшаа бас нэр дэвших эрхээ авна гэдэгт олон хүн итгэж байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх түүний хувьд баруун бүсийн Гандан хийд барьж байгуулсан нэгэн. Мөн өнгөрсөн жил Майдар бурхан залсан.

    Дараагийн нэр дэвших боломжтой хүн бол Д.Батцогт. Цагтаа УИХ-ын гишүүн байсан тэрбээр гудамжинд жагсаж үзсэн. АН-аас гарч М.Энхсайханы МҮАН-аас УИХ-д нэг удаа сонгогдсон. Буцаад АН-д очиж З.Энхболдын фракцид ороод дахин нэр дэвшсэн ч баз хүргэн болох С.Бямбацогтдоо ялагдсан билээ. Гэхдээ түүнийг энэ удаа Ховдод гэхээсээ илүүтэй Сонгинохайрхан дүүрэг рүү гүйдэлтэй болсон гэлцэнэ. 2016 оны сонгуулиар унангуутаа сонгуульд ажилласан намынхан, шадар ухуулагч нарынхаа цалин урамшууллыг ч өгөлгүй хот руу зугтсан түүнд Ховдын сэтгэл дундуур байгаа гэх яриа ч бас байна.

    “Лүүк Монголиа” ХХК-ийн захирал Т.Баттулга хэмээх залуу бас нэр дэвшихээр уухайлж явна. Гадаадад боловсрол эзэмшсэн түүний хувьд Ховдод өрсөлдөхөөр тойргоо услах болсон гэдэг. АН-аас нэр дэвшихээр горилогчдын сүүлийнх нь  хүн бол Ховдод “Үйлчилгээний ажилтны холбоо” үүсгэн ажиллаж яваа Автотээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцаг аж.

    Харин гуравдагч хүчин болох МАХН-аас Жаргалант сумын Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Баттулга, С.Батзаяа нар нэр дэвших сурагтай гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ха ха ийм тойм, тоймч гэж юу байх вэ дээ чааваас. ямар ч судалгаа байхгүй ур байхгүй  мэдэх юм байхгүй больж үз. зүгээр тв үзээд сууж бай

    Холбоотой мэдээ