Б.Гантулга:Олон улсын конвенцуудаар манай улс монгол бөхөнг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг

2020-04-13

Монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн. Манай орны уугуул амьтан болох бөхөнгийн талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Б.Гантулгатай  ярилцлаа.

-Монголын уугуул амьтан бөхөнгийн тоо толгой эрс цөөрөхөд байгалийн хүчин зүйлсээс гадна хүний буруутай үйлдэл нөлөөлсөн үү?

-Монгол бөхөнгийн тоо толгойн өсөлт бууралтад хүний хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн. Жишээ нь, хууль бус агнуур байна. Мөн бөхөнгийн ундаалдаг зарим гол уст цэгт хүн мал байнга байршиж, гантай жилүүдэд бэлчээрийг хэт ашиглаж байгаа зэрэг нь монгол бөхөнгийн үржилд дам нөлөөлж өсөлтийг нь хязгаарладаг.

Бөхөнгийн тоо толгой 5000 гэдэг гурван малчин өрхийн богтой тэнцэнэ. Өмнө нь бөхөнгийн тоо толгой ийм хэмжээнд хүрч цөөрч байсан уу?

-2002, 2003 оны үед Монгол бөхөнгийн тоо толгой 750 болтол буурч, мөхлийн ирмэгт тун ойртож байлаа. Сүүлийн 10-аад жилийн хамгааллын ажил болон зарим жилийн байгаль, цаг уурын таатай нөлөөгөөр Монгол бөхөнгийн тоо 2014 онд 14600 болтол өссөн. Гэвч бог малын мялзан өвчин, ган зуд, цаг агаарын онцгой үзэгдэл зэргээс болж, 2018 оны хаврын байдлаар 3000 толгой болтол цөөрсөн. 2019 оны зуншлага бөхөнгийн тархац нутгаар сайн байсан бөгөөд энэ өвөл мөн адил зуд, байгалийн гэнэтийн аюулгүй сайхан өвөлжсөн нь Монгол бөхөнгийн нэг жилийн өмнөх тоо болох хамгийн багадаа 3800 орчим бодгалиас 1200 орчмоор өсөх нөхцөлийг бүрдүүлсэн болов уу.

Унаган нутагтаа мал байтугай хүнээс өмнө хэдэн мянган жилийн турш оршин амьдарсан 5000 толгой Монгол бөхөн нь гол идэш тэжээл нь өөр, нэг сая хол давсан гэрийн малын бэлчээрийг булаадаг гэх үнэнээс хол цуу яриаг нутгийн зарим иргэн сайн бодож үзэх нь зүйтэй. Нутаг оронд нь Монгол бөхөн гэдэг дэлхийд өөр хаана ч байхгүй ч сонин содон зүстэй, туруутан амьтан одоог болтол оршин амьдарч байгаад талархаж, хамт зэрэгцэн ч амьдарч, энэхүү амьтнаараа нутгийнхан нь бахархаж бусдад гайхуулж амьдарна гэдэгт итгэж байна.

-Бөхөн цөөрч хорогдсоноор экологийн зүй тогтолд хэрхэн нөлөөлөх вэ?

-Монгол бөхөн хорогдсоноор говь цөлийн ургамлын бүлгэмдэлд өөрчлөлт орох магадлалтай болдог. Мал иддэггүй болон зарим нь малд хортой ургамлуудын бүлгэмдэлд эзлэх хувь хэмжээ өсөх эрсдэлтэй. Мөн бөхөнгөөр хооллодог зарим махчин амьтны тоо толгой цөөрснөөр малд халдах нь ихсэх, тэдгээр амьтдын тоо толгой цөөрч, экологийн тэнцвэр илүү алдагдах эрсдэлд хүргэж болзошгүй юм. Гэвч яг хэрхэн нөлөөлөхийг одоогоор баттай хэлэх арга байхгүй. Өөр олон сөрөг нөлөө гарч мэднэ.

– “Улаан ном-д орсон амьтад эд эрхтний наймаанаас болж хулгайн анчдын золиос болдог. Бөхөнгийн эвэр хар зах дээр үнэд хүрдэг гэж сонссон. Монголд ашгийн зорилгоор бөхөн агнасан хулгайн анчдад ямар шийтгэл ногдуулж байна вэ?

-Монгол бөхөн нь хуулиар хамгаалагдсан нэн ховор зүйл бөгөөд олон улсын конвенцуудаар Монгол Улс хамгаалах үүрэг хүлээсэн юм.

Хэрэв Монгол бөхөнг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, чихмэл, түүхий эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол нэг саяас дөрвөн сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, экологи эдийн засгийн үнэлгээг хоёр нугалж, бөхөн тус бүрд 4-4.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлөх эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалт Эрүүгийн хуулийн 24.5.2-т байдаг. Олон хүн шийтгүүлж эрх чөлөөгөө хасуулж, санхүүгийн хохирол амссан гашуун түүх ч бий.

-Карпатын нуруу хүртэл идээшин амьдардаг энэ амьтныг хамгаалах олон улсын хөтөлбөр, сайн дурын байгууллага байдаг уу?

-Олон мянган жилийн өмнө Карпатын нуруу хүртэл тархан амьдардаг байсан. Одоогийн байдлаар соргог бөхөн гэх дэд зүйл Казахстан улсад төвлөрөн байршиж, тус улсын хил дагуу Орос, Узбекистан, Туркменистан зэрэг улсад мөн тархан амьдардаг бол Монгол бөхөн гэх дэд зүйл зөвхөн Монгол Улсын нутаг  дэвсгэрт  Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Хяргас нуурын урд хөндий, Хомын тал, Манханы тал зэрэг газарт маш цөөн тоотойгоор оршин амьдарч байна. Бөхөнг хамгаалахаар байгуулагдсан, ажиллаж байгаа олон байгууллага байдаг. “Saiga Conservation Alliance” гэх олон улсын байгууллага илүү өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар (ДБХС) бусад хамтрагч хамгаалах олон ажлыг хийсэн. Одоогийн байдлаар манай байгууллага Монгол бөхөнгийн тусгаар популарц үүсгэх ажлыг санаачлан эхлүүлээд байгаа. Мөн бөхөн хамгаалах сүлжээ багыг сүүлийн 10 гаруй жил ажиллуулж монгол бөхөнг хулгайн агнуурт өртөхөөс сэргийлэн нутгийн иргэдэд сурталчилгаа хамгааллын олон ажлыг иргэдийн оролцоотойгоор хийж байгаа. Нутгийн иргэд, хүүхдийн клубуудын хамтаар Монгол бөхөнгийн гол ундаалдаг задгай усыг хашиж хамгаалах, мөн бэлчээрийн менежментийг дээшлүүлэх, малын тоог бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж байна.

-Казахстаны Засгийн газар бөхөн хамгаалахад зориулж төсөв баталсан байдаг. Тэгвэл манай улсад энэ дархан цаазат амьтанг өсгөж хамгаалах ямар бодлого баримталж байна вэ?

-Төр засгаас Монгол бөхөнгийн цөм нутгийг хамгаалалтад авах, одоо байгаа Шаргын говь, Манханы байгалийн нөөц газруудыг өргөтгөх, эсвэл зэрэглэлийг нь дээшлүүлэх, менежментийг нь сайжруулах тал дээр хэлэлцэж, хамгийн зөв шийдлийг олохоор тэргүүлэн ажиллаж байгаа. Мөн түүнчлэн Монгол бөхөнгийн тусгаар, шинэ популяцыг үүсгэх ажлыг бүрэн дэмжин ажиллаж байна. Тодорхой бодлогыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нарийвчлан тодруулах хэрэгтэй.

-ОХУ-д шуудангийн марк, Казахстанд мөнгөн зоос гаргах зэргээр бөхөнг алдаршуулсан байдаг.

-Монголбанкнаас 2019 онд Монгол бөхөнг алдаршуулах зорилгоор зоос гаргаж байлаа. Олон жилийн өмнө шуудангийн марк мөн гаргаж байсан.

-Монгол бөхөнгийн бусад төрлөөс ялгарах онцлог нь юу вэ?

-Монгол бөхөн нь бөхөнгийн төрлөөс үлдсэн цор ганц зүйл бөгөөд бусад туруутан амьтнаас ялгарах олон сонирхолтой байгалийн зохилдлоготой болсон байдаг. Монгол бөхөн нь бартаа саад багатай өргөн уудам говь, цөлийн амьтан тул махчин амьтдаас зугтаан биеэ хамгаалах зохилдлоготой болсон.

Монгол бөхөн нь 90 км/цаг хүртэл хурдан хатирч чадах бөгөөд хатирах үедээ бөхийдөг. Тиймээс бөхөн гэдэг нэртэй болсон болов уу.

Мөн түүнчлэн хамрын хөндий нь бусад туруутан амьтантай харьцуулахад илүү том бөгөөд энэ бүтцийн зохилдлогоо нь удаан хугацааны турш, ялангуяа хүйтэн сэрүүний улиралд гүйхэд биед шаардлагатай их хэмжээний агаарыг маш түргэн хугацаанд самалдагт байрлах олон тооны хялгасан судасны ачаар бүлээцүүлж биеийг шаардлагатай хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй байдаг.

-Бид олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийг сайн мэддэг атлаа мөстлөгийн үеийг даван туулсан бөхөн гэх амьтны нэрийг л мэдэх төдий. Энэ ховор амьтны амьдралын хэв шинжийн талаар сонирхуулна уу?

-Монгол бөхөн нь говь цөлийн экосистемд дасан зохицсон, түргэн үржиж төллөх чадвартай буюу сайн жилд хээлтэй хэрэгчингийн 70 хүртэл хувь нь ихэрлэдэг. Монгол бөхөн нь бэлчээр дагаж шилжин нүүдэллэдэг амьтан бөгөөд хүний бараагаар хоёр км хүртэл хол зайнаас зугтан дайждаг.

Энэ нь хулгайн ангаас үүдэн хүнийг аюултай амьтан гэж үздэгээс болдог болов уу. 12 дугаар сард ороо нийллэг нь болох бөгөөд зургаан сарын дундуур бүгд бараг нэгэн зэрэг буюу 7-10 хоногийн дотор төллөдөг. Энэ нь махчин амьтдад нялх төлөө бага алдах байгалийн зохилдлого юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ