Б.Энхбат:Манай хашаа руу хүмүүс өөрийн эрхгүй хардаг

2020-04-13

Хашаандаа сайхан амьдарч болдгийг харуулсан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Энхбаттай ярилцлаа. Тэрээр болохгүйгээс нь болохоо хүртэл ажиллаж, хашаагаа тохижуулжээ.

-Хашаагаа ингэж тохижуулах санааг анх яаж гаргасан  талаар яриагаа эхлүүлье?

-Заавал ч үгүй байранд амьдарна гээд,тэрнийхээ зээлийг насаараа төлнө гэхгүйгээр  0.7 га газартаа ч сайхан амьдарч болно гэдгийг л харуулахыг хүссэн. Анх хоёр жилийн өмнөөс эхэлж байлаа.

Анх газраа цемент болгочихсондоо санаа амарчихсан байсан. Тэгсэн хашаандаа орж ирсэн их халуун байсан. Тэгэхээр нь цементээ хуулаад, хөрсийг нь гаргасан их гоё сэрүү татаад ирсэн. Тэгээд л зүлэгжүүлээд,нарийнхан явган зам хийхээр шийдсэн. Зүлэгжүүлэхдээ хогнуудыг түүгээд, хар шороо асгаж, үрсэлгээ, элсээ цацаад гялгар уутаар бүтээсэн. Энэ нь нэгдүгээрт наранд шарагдаад өвс,ургамал хурдан ургах,хоёрдугаарт болжмор шувууны идэш болохоос сэргийлдэг.

Манай хашаа улсуудын ярьдгаар зардал гээд байх юм байхгүй. Click To Tweet

Байгаа юм нь ердөө саравч,сүүдрэвч,явган зам зүлэгжүүлэлт,бага сага гэрэлтүүлэг. Харин зохион байгуулалт нь их зүгээр болсон санагдаж байгаа.

-Хүмүүс ямар нэг юмыг мөнгөтэй болчихвол хийчихнэ гэж бодоод байдаг.Гэтэл Та бага багаар хашаагаа тохижуулсан байна ?

-Хүмүүс бэлэн болчихсон юмыг массаар нь харчихаад их үнэтэй тусна гэж бодоод байдаг. Явган замаар жишээ авбал блок нь 1,100 төгрөгийн үнэтэй.  Блоконд их мөнгөн орохгүй. Зүлэгжүүлэлт 45 мянгаар гялгар ууттай үрсэлгээ,портер элс,хар шороо аваад,үлдсэн нь харин хүний хөдөлмөрөөс шалтгаална. Тэр хашаан дахь сүүдрэвч,фасат,зам,гэрэлтүүлэг хийхэд тийм их мөнгө орохгүй. Явган замыг бүгдийг нь хийхэд сая орчим болсон.

Монголчудын юмыг их томоор,хийсвэрээр хараад байдаг. Ажиллах хүч гэдэг утгаараа бол тодорхой хэмжээний зардал гарах байх.

 Зүлэгжүүлэлт хийхэд эхний ээлжинд 200-300 мянган төгрөг хангалттай. Мөнгөтэй болохоороо дараачийнхаа ээлжийг хийчихнэ. Нэг сард, нэг жилд хийчихсэн юм биш.

Мод тарина гэхээр хүмүүс уулнаас онгон байгальдаа ургаж байсан модыг авч ирээд тарих гээд байдаг. Click To Tweet Тэр бол хамгийн буруу.  Зэрлэг мод бол хэзээ ч хашаанд ургадаггүй. Хаа сайгүй мод үрсэлгээний газрууд ажилладаг болчихсон учраас дуртай,чацаргана,мойл гээд бүх төрлийн модоо худалдаад авчих боломжтой.

-Танай хажуу айлынхан танайхаас ер нь үлгэр дууриалал авч,хашаагаа тордож байна уу?

-Манай гудманд ихэвчлэн настай,багш нар их олон бий. Тэд өөрсдийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ мод тариад,хашаагаа янзлаад тордоод л байна. Манай гудамж мухар л даа. Тийм ч болохоор юм уу, өмнө нь манай гудманд орж ирээд архи задалдаг,бие засдаг тохиолдол их байсан. Харин  гудамж руугаа нэг камер тавьчихсан чинь тийм зүйлс гарахаа больчихдог юм байна. Дээрээс нь манай дээд талын айлууд руу орж гарч байгаа хүн,машин бүгд камерт бичигдэж байгаа учраас хулгай,зэлгий гарахаас ч сэргийлдэг болсон.

-Та хашаандаа барьсан шиг саравч,сүүдрэвч захиалгаар барьдаг гэж сонссон. Энэ ажлаа ер нь хэдэн жил орчим хийж байгаа вэ?

-Арван жилээ Сэлэнгэд төгсөөд, гэрийнхнийгээ дагаад хотод ирсэн. Өмнө нь хувиараа бизнес эрхэлж байгаад өнгөрсөн зургадугаар сараас эхлээд сүүдрэвч хийж эхэлсэн. Сүүдрэвч хийх зардал гадуур хоёр сая таван зуун мянга байдаг бол бид тал үнээр нь хийдэг.

Найзтайгаа нийлээд  зургаан сарын хугацаанд 80 орчмыг хийсэн. Анх өөрийнхөө хашаанд хийгээд, хүмүүс ер нь сонирхох нь  уу гээд барилгачдын групт тавьсан чинь хүмүүс их уриалгахан хүлээж авсан.

Хүмүүсийн авсан тендер дээр бригадаар орж ажиллаад Шар хадны,Налайхын эмнэлгүүдийн гадна тохижилтыг хийж өгсөн.

Шар хад дээр очиход эхлээд их эвгүй,нэг ёсондоо айж байсан. Сүүлдээ тэр хүүхдүүдийг хараад хайр хүрдэг болсон.

Өөрийнхээ хэмжээнд багахан хэмжээний тусламж үзүүлсэн. Шар хадны эмнэлэг дотроо цэцэрлэгтэй,саадтай. Хүүхдүүд сандал дээр гишгэх, мод бут хугалах нь их ажиглагдсан.

Хүний юмыг хүндэлдэггүй,байгаль орчноо хамгаалах сэтгэл байдаггүй нь нэгт,аав ээж нь хэлээгүй,суурь хүмүүжил байхгүй,хоёрдугаарт тэр чиглэлийн хөтөлбөр сургуульд тусгагдаагүй байдагтай холбоотой байх.

Ер нь миний хувьд тиймэрхүү хандлагаар юманд битгий хандаасай гэж боддог. Бусад хүний хөдөлмөрийг үнэлээд,цаашлаад тэр эмнэлгийн өвчтэй,зовлонтой хүмүүсийг хүндлэх хэрэгтэй.

Өөрөө дурласан зүйлийнхаа ард гараад,үр шимийг нь харж байхад их сайхан. Энэ жил бас дахиад зургадугаар сарын 1-нээс айлуудаар хийгээд явна. Өмнө нь модны чиглэлийн ажил хийдэг байсан болохоор модыг зүгээр зарахдаа чухал биш гол нь үйлдвэрлээд,чанартай бүтээгдэхүүн хүргэх нь чухал гэж боддог.

-Энэ жил хашаандаа хийхээр төлөвлөсөн ажлаасаа  хуваалцаач?

-Энэ хавар цэвэр ус татах,аамбаараа сунгаад дотроо 00,  шүршүүр,ариун цэврийн өрөөгөө шийдэх,Орос айл шиг цэцэрлэгжүүлэлт хийх,жижигхэн ч боловч хүлэмжтэй болох төлөвлөгөөтэй байна. Тэгээд  ерөнхийдөө л байрнаас ялгаагүй болчихно.

Өмнө нь усаа портероор нэг тоннын саваар зөөж усалгаагаа хийдэг байсан бол төвийн ус татчихаар  гэртээ дуртай ногоогоо тариад,модоо усладаг боломжтой болно.

Жижигхэн хүлэмж бий болчихвол ядаж л хүүхдүүд маань өөрсдөө ногоогоо услаад,аж ахуйч,юмыг харах үзэл нь арай өөр болж,байгаль орчиндоо хайртай болох байх.

-Хүүхдүүдийнхээ хүмүүжилд маш их анхаардаг тань харагдаж байна. Та бага насаа хаана өнгөрөөсөн бэ?

Би Сэлэнгэ аймагт төрсөн. Дээрээ таван ахтай,хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Манай ээж,аав хоёр үнэхээр хөдөлмөрч хүмүүс байсан. Мод боловсруулах кабинет 1500 ажилтантай,гурван ээлжээр ажилладаг байлаа. Аав,ээжийнхээ хөдөлмөрийн үр шимээс бид бүгд л үлгэр дууриалал авсан гэж боддог. Манайх малтай,хашаандаа ногоогоо тарьдаг байлаа.

Уул руу яваад л үхрийн нүд,цагаан төмс,мойлоо түүж иднэ. Багаасаа нэгнийхээ түлээг хөрөөдөөд,усыг нь авч өгдөг байлаа. Намар болохоор аавыгаа дагаад хадландаа гардаг байсан. Тэр үед одооных шиг морин хадуур,техник байхгүй гараараа хадаад,бухлаа зүүнэ,өглөө үхрээ гаргана,хониндоо явна. Ээжийн маань дайчин чанар бас их нөлөөлсөн байх гэж боддог.

-Та  санхүүгийн хувьд боломжтой болчихвол байранд орох уу?

-Одоо манай том хүү оюутан болно. Хоёр том хүү маань байрандаа,харин бага нь бид хоёртой байж байг гээд эхнэртэйгээ ярилцсан.

Байранд оръя гэвэл боломж нь бид хоёрт байна.

Гэхдээ байранд гэхээр нэг л хашигдмал санагдаад байдаг. Лифтэнд суугаад л,ороод л зурагт үзээд,эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг идчихээд өөр юм хийх орчингүй болчихдог.

Хүний юм хийх бодол үгүй болчихдог,бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихдог юм шиг санагддаг.

Нас ахих тусам хашаандаа юм хийх дуртай болж байна. Хашааны урдуур явсан  хүмүүс өөрийн эрхгүй өнгийгөөд л хардаг. Ахмадууд маань  их магтаал хайрладаг. Тийм жижиг магтаалаас л их урам авдаг даа.

Эхний ээлжинд том байр хэрэггүй. Харин хүүхэд өөрөө сургуулиа төгсөөд тэр байрыг томруулах эсэх нь хэр хөдөлмөрлөхөөс нь шалтгаална. Хүн сайхан амьдарья  гэвэл хөдөлмөрлөх л хэрэгтэй.

Хүүгээ цагдаа болгоно гэсэн бодолтой байгаа. Улс орондоо хэрэгтэй хүн болгохыг хүсдэг,манай хүн ч цагдаа болно л гэсэн/инээв/. Болсон болоогүй сургууль төгссөн ч ажил олдохгүй,  гэртээ суусан залуучууд зөндөө байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ