12 нам эвслүүд буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засаж, аудитын байгууллагад дахин хүргүүлжээ

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор аудитын байгууллагад хүргүүлсэн билээ. Нийт 15 нам, дөрвөн эвслийн нийт 19 мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүлээн авснаа мэдэгдсэн.

Аудитын байгууллага мөрийн хөтөлбөрүүдийг хүлээн аваад Сонгуулийн тухай хуульд заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэх, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон мөрийн хөтөлбөрт тусгасан санхүүгийн эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэх эсэхэд дүгнэлт хийсэн.

Ингэхэд найман нам, дөрвөн эвслийн нийт 12 мөрийн хөтөлбөр шаардлагад нийцээгүй гэдэг үндэслэлээр буцаагдсан юм. Үүн дотор эрх баригч МАН, сөрөг хүчин АН болон МАХН, ШИНЭН-ын эвслүүдийн мөрийн хөтөлбөр багтаж буй. ҮАГ-аас эдгээр нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг амлалтын шинжтэй гэж үзжээ. Харин Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзжээ.

Улмаар шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөрүүдийг зүйл, заалт бүрээр засахыг аудитын байгууллагаас анхааруулсан байна.

Нам, эвслүүд аудитын байгууллагын зөвлөмжийн дагуу мөрийн хөтөлбөрөө засаж, дахин хүргүүлэх хугацаа өнгөрөгч Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 11-нд дуусгавар болсон байна. ҮАГ-аас энэ талаар тодруулахад “Буцаагдсан 12 мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь засаж, дахин ирүүлсэн. Тэдгээр мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд дөрөвдүгээр сарын 23-ны дотор шаардлагад нийцсэн эсэх талаар мэдээлнэ” гэлээ.

Урьдчилсан байдлаар нам, эвслүүдийн засаж, дахин хүргүүлсэн мөрийн хөтөлбөрүүд бүгд аудитын байгууллагын шаардлагад нийцэж байгаа ажээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ