• Трамп: Газрын тосны үнийн уналтыг зогсоох гэрээ хийсэн Путин, Салман нарт баярлалаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ, Саудын Арабын түншүүддээ олон улсын газрын тосны олборлолтыг бууруулах гэрээнд өчигдөр гарын үсэг зурсанд баяр хүргэж, энэхүү алхам нь “АНУ-д хэдэн зуун мянган эрчим хүчний ажлын байрыг аврах болно” гэж мэдэгдлээ.

    Трамп ”Газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд(OPEC+)-тай газрын тосны том гэрээг амжилттай хийлээ. Энэ нь АНУ-ын эрчим хүчний салбарт хэдэн зуун мянган ажлын байрыг аврах том үйл явдал билээ. Энэ дашрамд би ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Саудын Арабын хаан Салманд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлж байна. Би тэдэнтэй оффисоосоо утсаар ярьсан. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн жиргэв.

    Уг гэрээ ёсоор дэлхийн эрчим хүчний зах зээлд цар тахлаас болоод эрэлт буурсан тул газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч орнууд газрын тосны гарцыг хоёр сарын турш өдөрт 9.7 сая торхоор багасгахаар боллоо. Энэ нь  ОХУ, Саудын Арабын дунд үүсээд байсан газрын тосны үнийн дайныг эцэс болгож байна.

    Сүүлийн жилүүдэд АНУ дэлхийн хамгийн том түүхий газрын тос үйлдвэрлэгч болсон билээ. АНУ-ын компаниуд ашиг олохын тулд газрын тосны үнэ 40 орчим ам.доллар байх шаардлагатай байдаг аж.

    Гэтэл дөрөвдүгээр сарын эхээр газрын тосны үнэ 20 ам.доллараас бага болтлоо буурсанд Трамп Саудын Арабын түншүүдээ ОХУ-тай гэрээгээ цуцалж, газрын тосны гарцаа багасгахыг удаа дараа шаардаж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ