• Шинэ цэвэрлэх байгууламж барихад БНХАУ-аас 45 инженер оруулж ирэх асуудал яригдаж байна

    Улаанбаатар хотод 55 жилийн дараа анх удаа Сонгинохайрхан дүүргийн нутагт шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлээд байгаа

    Шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд Барилга, хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

    Гэвч COVID-19 халдварын улмаас барилгын ажил эхлэхгүй байгаа аж. Шинэ  цэвэрлэх байгууламжийн газар шорооны ажил эхлэхэд БНХАУ-аас инженер, техникийн 400 ажилтан орж ирэх ёстой ч  онц шаардлагатай гэж үзсэн 45 инженерийг л оруулж ирэхээр ярьж байгаа аж.  Гэхдээ тэднийг оруулж ирэх эсэх асуудлыг Улсын Онцгой комисс шийдвэрлэх аж.

    “Яагаад 45 хүнийг заавал оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа вэ гэвэл, энэ ажил бол хоёр улсын гэрээний үндсэн дээр хийгдэж буй бөгөөд ерөнхий санхүүжилт нь БНХАУ-ынх. Тиймээс ажлыг эхлүүлэхэд тухайн улсаас онц шаардлагатай 45 хүн орж ирж байж энэ ажил үргэлжилнэ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн үүргийн дагуу төслийн нэгж маань ажлаа энэ хугацаанд хэвийн хийгээд явж байна” хэмээн албаны хүн ярьжээ.

    Мөн “Тэд орж ирэхгүй байсан ч дөрөвдүгээр сарын 20-нд барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн. Учир нь бид өнгөрсөн онд биологи технологийн газрын 50 хувьд их биеийг нь зангидаж, цутгалт хийгээд бэлдчихсэн. Мөн хоёрдугаар сараас барилгын материалын таталтууд эхэлсэн бөгөөд бид одоогоор хил, гаалийн зөвшөөрлөө эхнээсээ аваад явж байна.

    Өнгөрсөн хугацааны суурь бэлгэл ажлуудыг Монголын талын туслан гүйцэтгэгч компаниуд хийсэн. Санхүүжилтийн асуудал шийдэгдэж, мөнгө нь шилжвэл өмнө нь хийж байгаад орхисон ажлуудаа хийж эхлэх боломжтой. Үүнийгээ ч Хятадын талд мэдэгдсэн.

    Нэгэнт дөрөвдүгээр сарын 20-ноос барилгын ажлаа эхлүүлэхээс өөр аргагүй учир энэ мэт зохицуулалтаа хийсэн.

    2023 он гэдэг бол баталгаажсан графикт хугацаа. Тиймээс хоёр тал тохирсон хугацаагаа барьж ажиллана. Нийт 38 барилга, объектын дэд бүтцийн ажлуудыг хийх Монголын туслан гүйцэтгэгч компаниуд энэ сард ажлаа эхлэх боломжтой” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ