Хөл хорионы үеэр байшинтайгаа шатаж амь насаа алдсан тохиолдол гарчээ

2020-04-13

Хуурайшилттай салхи, шуургатай байгаа энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх улирал эхэлжээ.

Чингэлтэй дүүргийн Яргайтын Богинын аманд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шар өвс шатаж дөрвөн га газар, найман айлын байшин түймэрт өртөж, хоёр айлын байшин үнс болж хувирав. Гэхдээ энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээс илүүтэй иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хайхрамжгүй зангаас үүдэлтэйг албаныхан анхааруулж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ амралтын өдрүүдэд Майхан толгойн зусланд гал гарч нэг айлын байшин хайрагджээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр хэрэв гал унтраах алба хаагчид дүрэлзсэн галыг шуурхай унтраагаагүй байсан бол арван айлын байшин шатаж, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй байсныг сануулав.

ХАШААНДАА ШАР ӨВС ШАТААВАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО

Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.

Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Дашрамд дурдахад хөл хорионы үеэр иргэд зуслангийн байшин болон гэртээ цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд ч бүртгэгджээ.

Өнгөрсөн онд гал түймрийн улмаас 54 хүн амь насаа алдсан тоон мэдээлэл бий. Click To Tweet

Эх сурвалж:ОБЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ