• Зөвхөн амны хаалт хэрэглэсэн хүнд үйлчилдэг хатуу журмыг бүх шатанд тогтооно

    2020-04-11

    Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улсын Онцгой комиссын өмнөх 15 удаагийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин комиссын гишүүдэд үүрэг, чиглэл өгөв. Түүнчлэн энэ сарын 17-ны өдөр БНСУ-руу үйлдэх захиалгат нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг тусгаарлах байр болон бусад бэлтгэл ажил бүрэн хангасаны дараа 4 дүгээр сард багтаан зохион байгуулах үүрэг чиглэл өглөө. Цаашид зөвхөн гэрээт нислэгтэй орон руу захиалгат нислэг үйлдэх ба нислэгийн хуваарийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэнэ.
    Сүүлийн үед иргэдийн дунд амны хаалт хэрэглэхгүй байх, олон нийтийн газраар явах зэргээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхаарал, сэрэмж суларч байгаа тул иргэдийн сахилга, хариуцлагыг чангатгах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа.
    Тухайлбал,
    – “Маскаа зүүцгээе” аяныг 2020 оны 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал орон даяар өрнүүлэх,
    – Иргэд хоорондоо зөвхөн зайнаас харьцах
    – Иргэн бүрийг амны хаалт хэрэглэдэг болгож хэвшүүлэхийн тулд тавих шаардлагыг бүх түвшинд өндөржүүлэх, энэ талаарх хяналтыг чангатгах, зөвхөн амны хаалт хэрэглэсэн хүнд төрийн болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилдэг хатуу журам тогтоох,
    – Иргэд бие биедээ шаардлага тавьдаг соёлыг дэлгэрүүлэх,
    – Дуут дохиогоор урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгээр тогтмол давтамжтай сануулж байх,
    – Хэвлэл мэдээллийн сурталчилгаа зөвлөмжийг тогтмолжуулах,
    – Хотын гудамж талбайд ажиллах байнгын эргүүл, байцаагчдын тоог нэмэгдүүлж хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан шийдвэрийг гаргалаа.
    Улсын Онцгой комисс ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ