• Сонгууль 2020: Дархан-Уул аймагт МАН-ынхантай АН-аас З.Энхболд өрсөлдөнө

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймгаас хотын статусаа сэргээхээр болсон Дархан 66127 сонгогчтой гурван мандаттай.

    МАН-аас 2016 оны сонгуулиар нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй.

    Тэгвэл Д.Хаянхирвааг дахин нэр дэвшүүлэхгүй хэмээх яриа сүүлийн жил гаруй яригдаж байна. ЖДҮХС-гийн хэргээр нь мөн Б.Баттөмөрт боломж олгохгүй. Харин нам нь сонгуульд ялвал сайд үгүй юм гэхэд агентлагийн дарга болгох тохироо хийх сураг ч бий.

    Тэдний оронд Монголын төмөр замын дарга асан Б.Цэнгэл, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар нар МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Б.Цэнгэл нь Ерөнхий сайд, намын даргатайгаа тун зузаан, Зүүний хүчний холбооны томчуудын нэг.

    Харин Ж.Сүхбаатарын хувьд өмнө нь Дарханаас нэг удаа УИХ-д сонгогдож байсан нэгэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдөөд Ж.Мөнхбатад ялагдчихаад .Бадамжунай нарыг мафи хэмээн зарлаж, Н.Энхбаярын МАХН руу очиж генсек нь болж байлаа. Гэвч МАН-д буцан ирээд зогсохгүй УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх болоод байгаа юм.

    АН-аас Дарханд “Бурхан халдун”-ы Н.Мөнхдаш төрсөн ах Н.Мягмардашийн хамт хэд дэхээ ч юм нэр дэвшихээр горилж яваа. Өмнө нь УИХ-ын сонгуульд Дарханд олонтаа нэр дэвшсэн ч сонгогдож үзээгүй тэдэнд АН энэ удаа дахин боломж олгох сурагтай. Ах дүү таван Даш угаасаа Дарханы АН-ыг эрхшээж өөр бусад хүмүүсийг хавчин зайлуулсаар ирсэн гэдэг. Тиймээс ч Дарханы АН байнга хагаралтай байсаар ирсэн юм.

    Мөн О.Нямдаваа бас 100 саяа төлж нэр дэвших эрх авахаар горилж байгаа аж.

    Тэгвэл хамгийн сонирхолтой нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд. Тэрбээр Дарханы тойргийг нэлээд эртнээс онилсон гэх бөгөөд Дашууд ч түүнтэй ихэд нийцтэй. Эдийн засагч Л.Наранбаатарыг Дарханы АН-ын даргаас нэлээд шуугиантайгаар огцруулах тэр үед буюу З.Энхболд АН-ын дарга, УИХ-ын дарга байх үеэс тэдний холбоо зузаарсан.

    Тэр байтугай Дашууд Ардчилсан хүчний холбоо фракцид нь багтаж байлаа. Одоо тэд З.Энхболдыгоо Дарханд нэр дэвшүүлэхэд бэлэн болсон гэнэ. Мөн С.Эрдэнийн хувьд зөвлөх Жаргалыгаа зүтгүүлж мэдэх тухай яриа байна. Хэрвээ тэр нь нэр дэвшихгүй бол Р.Бурмаа эмэгтэйчүүдийн квотыг урдаа бариад зүтгээд үзэх санаатай аж.

    З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт очиж өрсөлдөнө хэмээн Л.Наранбаатар мэдэгдсэн. Л.Наранбаатар нь З.Энхболдыг  “Страто” компанитай холбоотой гээд уг хэргийг шалгуулахаар АТГ-т хандаад буй. Гэвч тус газраас уг хэргийг шалгахгүй гэсэн тухай мэдээлэл байна. Тэр мөн “эдийн засгийн алуурчин” З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт очиж өрсөлдөнө гэсэн.  Тиймээс тэрбээр Дарханд дахин бие даах бололтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ