• Трампын шүүмжлэлтэй холбоотойгоор НҮБ, Африкийн холбоо ДЭМБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийллээ

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп өчигдөр цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хуралдаа ДЭМБ-г дахин буруушааж, ДЭМБ-д үзүүлэх санхүүжилтийн тусламжаа цуцлахыг бодолцож байна гэж мэдэгдсэн.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ч ДЭМБ үүргээ биелүүлээгүй хэмээн буруушааж, АНУ нь ДЭМБ дахь санхүүжилтаа дахин тооцоолж байна гэжээ.

    Үүнтэй холбогдуулан, НҮБ, Африкийн холбоо ДЭМБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дэлхий нийтээрээ нэгдэж хамтдаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцье гэж уриалсан байна.

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийхдээ, ДЭМБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ, ДЭМБ-ыг эрхбиш дэмжих ёстой гэж миний бие үзэж байна, яагаад гэвэл энэ нь дэлхий нийтийн цар тахлыг тогтоон барихад маш чухал ач холбогдолтой гэсэн байна. Одоо бидний нэгдэх цаг хүрч ирсэн, вирусийн тархалт, түүний аймшигт үр дагаврыг таслан зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй гэжээ.

    Африкийн холбоо дэлхий нийтээрээ эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэхийг дахин уриалсан юм. Африкийн холбооны тэргүүн, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Матамела Кирилл Рамафоса хэлэхдээ, энэ зангилаа цаг үед дэлхий нийтээрээ эв нэгдэж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцэх ёстой. Тэрээр Африкийн холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-ын захирал Тедрос уг байгууллагын хамт олноо удирдан цар тахлын эсрэг тэмцлийн үйл явцыг маш сайн гүйцэтгэсэнд нь талархал, дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ