Сонгууль 2020:Сэлэнгэ аймагт “Шилэн” Цогоо, “Сөүл” Д.Өнөрболор, багш Ч.Ундрам нар нэр дэвших үү

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар Сэлэнгэ аймаг гурван мандаттай, 70 мянга орчим сонгогчидтой.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, АН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбат нар сонгогдсон.

Энэ удаагийн сонгуулиар эрх баригч МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшихийг хүсэгчид чихэлдэх шиг болж байна. Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь нар дахин нэр дэвших хүсэлтэй ч тэдэнд нэр дэвших боломж хомс байгаа.

Н.Оюундарийн хувьд хүүгийнхээ компаниар ЖДҮХС-гаас зээл авсан. Тэгсэн хэдий ч ард түмнээс уучлалт гуйхгүй гэж байлаа. Тэгээд ч МАН-ын 60 тэрбумын бүлэглэлд ордог гэдгээр нь түүнд дахин нэр дэвших боломж олгохгүй хэмээх яриа хүчтэй байна.

Ж.Эрдэнэбатын хувьд ч МАН-аас дахин нэр дэвших эрх авахыг хүсч байгаа ч мөн л 60 тэрбумын бүлэглэлээс цойлон Ерөнхий сайд болж байлаа. Ж.Эрдэнэбатыг тендер, концессыг дур мэдэн, ойр тойрныхондоо бүр өөртөө ч авсан хэмээн хуулийн байгууллагад шалгаж байсан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудалд холбогдож байлаа.

Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны түвшинд ч “Ж.Эрдэнэбат энэ удаа өнжсөн нь дээр, Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хүртэл тааруулж өрсөлдсөн болгож хангалттай дэмжлээ, одоо хангалттай байгаа аж.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Д.Эрдэнэбатад ялагдсан тус аймгийн засаг дарга Ш.Оргилд ч ахин нэг нэр дэвших хүсэл бий. Гэвч түүнийг АТГ-т шалгаж эхлээд буй.

Тэгвэл тэдний оронд нэр дэвшихээр “Сөүл” группийн эзэн Д.Өнөрболор, МУИС-ийн дэд захирал асан Ч.Ундрам, ЗТХЯ-ны дэд сайд асан “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл нар горилж буй.

Б.Цогтгэрэлийн хувьд сэм сэмхэн Сэлэнгийн тойргоо эргэж, үсчний үнэгүй үйлчилгээг хүртэл үзүүлсэн нэгэн. Тэр мөн “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийг ХХБ авсан асуудлыг луйвар байсан хэмээн байнга зарлаж буй.  Энэ нь сонгуульд нэр дэвшихтэй нь холбоотой хэмээх яриа ч байна.

Д.Өнөрболор Сэлэнгэд нэр дэвшихээр шийдээд сүүлийн нэг жил амьдарсан. 2016 оны сонгуулийн дараа Д.Өнөрболор Барилга хот байгуулалтын сайдад хүртэл яригдаж байсан.

МУИС-ийн дэд захирлын албаа өгч сонгуульд нэр дэвшихээр шийдсэн Ч.Ундрам улстөрд бол цоо шинэ хүн. Ингэснээр МАН-ын хоёр эмэгтэй гишүүн Сэлэнгэд хүч үзэхээр зэхэж байна.

Харин АН-аас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвших нь тодорхой. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн компанид давуу эрх олгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл өгсөн гэснийг тэрбээр няцааж байлаа. Сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хувийн компани худалдан авсан асуудлаар АТГ-аас яллагдагчаар татаад буй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгч АН-ын ахлах зөвлөх болсон З.Энхболдыг мөн Сэлэнгэд нэр дэвшиж магадгүй хэмээх яриа гарч буй. Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нэр дэвшиж магадгүй аж. 100 саяа ямар ч байсан тушааж.

Мөн С.Баярцогт хэрэгт холбогдолгүй гэсэн бичгээ авчихвал нэр дэвших тухай яриа гараад эхэллээ. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй хийсэн гэх хэрэг, мөн офшорт компани байгуулж, сая саяар нь доллар хадгалсан хэмээн түүнийг шалгаж байгаа.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Сэлэнгэд нэр дэвших магадлалтай. Тэрбээр өмнө нь АН-ын гишүүн асан ч З.Энхболд намаас нь хасч байсан.

Бусад нам эвслийн тухайд өмнөх сонгуульд нэр дэвшсэн /МАХН/-аас “Барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбат, бизнесмен А.Энхболд, “Сайхан Хөтөл” ХХК-ийн захирал Л.Ганболд, ИЗНН-аас Сэлэнгэ аймгийн Гааль, татварын газрын н.Алтанбулаг салбарын аж ахуйн менежер Д.Батсайхан, “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс бизнесмен Т.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Баатаржав нар дахин нэр дэвших боломж нээлттэй буй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ