• Д.Совд: Орлого нь 560 дахин өссөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг шалгаж өгнө үү

    УИХ, төрийн албаны тэрбумтан гишүүд, дарга нар болон хувьдаа ББСБ-тай УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын дарга нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн иргэн Д.Совд баримттай мэдээлэл дэлгэж, хэвлэлийн бага хурал хийлээ.

    Тэрбээр онгоцны осолд орж, хүндээр гэмтсэн дүүгийнхээ төлөө тэмцсээр, цаашлаад уул уурхай, барилгын салбарт үйлдвэрлэлийн осолд орж амь насаа алдсан иргэд, хохироод үлдсэн хохирогчид, ар гэрийнхэний хүсэлтээр нарийвчилсан судалгаа мэдээллийг эхлүүлж, эндээсээ  төрийн албаныхан, улс төрчид, УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба танил тал, ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж байгаа тухай олон талт судалгааг хийжээ.

    Д.Совд  энэ бүгдийн хоорондын хэлхээ хамаарал, хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ дүгнэлт хийж, энэ судалгаа иргэн таны халаасыг хоосолж, эрх мэдэлтнүүдийг хэрхэн хүчирхэгжүүлж буй тоон мэдээллүүдийг танилцууллаа.

    Мөн үүнийхээ төлөө тэрээр төрийн албаны ажлаасаа халагдаж, улс төрийн томоохон албан тушаалтан “Аминд чинь хүрнэ шүү, ална шүү” хэмээн заналхийлж байгааг дурдав.

    Энэхүү цахим анализ, судалгааны үр дүнд Авлигын эсрэг өргөн хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж, идэвхижүүлж, иргэдээ мэдээллээр хангаж болох талаар, мөн сүүлийн жилүүдэд Хөгжлийн банкны зээл, ЖДҮ-г хөгжүүлэх сан болон бусад сангуудын зээл, концесс, тендер зэрэгтэй нэр холбогдож ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртээд буй одоогийн УИХ-ын гишүүд болон авлигын гэмт хэрэгт хамгийн их оролцох болсон төрийн албан хаагчид тэр дундаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хэрхэн өргөн хүрээнд хяналт шалгалт явуулж, авлигаас урьдчилан сэргийлж, тэмцэх талаар санал хүсэлтээ хүргүүлсэн ажээ.

    Түүний ярьснаар “Хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар нийтэлдэг  www.хасхот.iаас.mn цахим системийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Учир нь  энэ системийг салбараар, төрийн байгууллагуудын нэр төрлөөр, хөрөнгө орлого, мөнгөн дүнгийн хэмжээгээр, үнэ өртгөөр нь …гэх мэтээр олон үзүүлэлтээр ангилж, ялгаж нэгтгэн дүгнэж боловсруулдаг болгох талаар нэмэлт хөгжүүлэлтийг яаралтай хийх хэрэгтэй байна.

    Мөн нэр бүхий УИХ-н гишүүд, төрийн байгууллагуудын дарга, захирал нарын 2017, 2018 онуудын ХАСХОМ-д хяналт шалгалт хийж, хөрөнгө орлогоо зөв мэдээлсэн эсэхэд, хөрөнгө орлогын эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлсэн эсэхэд, хуулийн дагуу олсон эсэх, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд шуурхай хяналт шалгалт хийж, гарсан үр дүнгээ олон нийтэд нэн даруй мэдээлэх хэрэгтэй байна” гэлээ.

    Иргэн Д.Совдын хийсэн судалгаагаар Монгол банк, Төрийн банк, Хөгжлийн банкны захирал, ажилтнуудын ихэнх нь огцом хөрөнгөжсөн,  хувьдаа ББСБ зуун хувь эзэмшдэг төрийн албан хаагчид байгаа нь тэр дундаа улсын сан хөмрөг, мөнгө санхүү, зээлийн бодлого хариуцдаг, төр түшилцдэг төрийн байгууллагын ажиллагсад, удирдлагууд, УИХ-ын гишүүд байгаа нь харагдаж байна.

    “УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн 2018 оны өөрийн орлого нь 2017 оныхоосоо 560 дахин буюу 12.8 тэрбум төгрөгөөр өссөн байгаа бөгөөд  үл хөдлөх хөрөнгө болон үнэт зүйл, мал, тээвэр гэх мэт хөрөнгөө борлуулсан орлого биш хаанаас ямар эх үүсвэрээс орлого нь ингэж 560 дахин буюу 12.8 тэрбум төгрөгөөр өссөн нь тодорхойгүй байна.

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн дүү болох хамаарал бүхий этгээд Ванданцэрэн овогтой Баяржаргалд давуу байдал олгож Яармагт хэдэн га газар олгож, уг дүү нь цааш нь барилгын компанид орон сууцны бүтэн давхарыг зарж борлуулж хувьдаа ашиг олсон байж болзошгүй мэдээлэл байна.

    Иймд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан түүний дүү Ванданцэрэн овогтой Баяржаргал болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар нарын ХАСХОМ, ХОМ-т хяналт шалгалт хийж хөрөнгө орлогоо зөв мэдээлсэн эсэхэд, хөрөнгө орлогын эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлсэн эсэхэд, хуулийн дагуу олсон эсэх, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, бусдад давуу эрх олгосон эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд шуурхай хяналт шалгалт хийж, гарсан үр дүнгээ олон нийтэд нэн даруй мэдээлэх  хэрэгтэй байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ