• Ц.Даваасүрэн:Оюутолгой компанийн санал болгож байгаа станцын төслөөс 30 хувь бага үнээр станц барина

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Таван толгойн цахилгаан станцын бэлэн байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргасан байна.

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ асуудлаар мэдээлэл хийлээ. Ц.Даваасүрэн “Ойрын дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар 450 мегаватын цахилгаан станцыг төр санхүүжүүлж барихаар шийдвэрлэлээ. Төрийн өмчит компани байна. Санхүүжилтийг төрөөс босгоно. Зээл, янз бүрийн хэлбэрийг ашиглаж хөрөнгө босгоно.

    Өмнө нь М.Энхсайхан тус нэгжийн дарга байхдаа ТЭЗҮ-г нь хийлгэсэн. Нийтдээ Тавантолгойн цахилгаан станцын төсөлд 17 сая доллар зарцуулсан. Энэ хүрээнд ТЭЗҮ боловсруулагдсан. Манай яаманд ТЭЗҮ нь байдаг. Үүнийг түшиглэж станцаа барина. Ингэхэд 560-600 сая ам.доллараас багагүйгээр босно гэж үзэж байгаа.

    Энэ нь Оюутолгой компанийн санал болгож байгаа станцын төслөөс 30 хувь бага үнээр, цахилгааны эрчим хүчний өртөг нь 50 хувь хямд байх дүр зураг харагдаж байгаа. Урьдчилсан тооцоогоор ашиглалтад орсноор хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхчихнө.

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор ашиглалтад орсноосоо хойш дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсаас эрчим хүчээ авах гэрээтэй байсан. Харамсалтай нь хэрэгжихгүй байгаа. 2019 онд Монгол Улсаас эрчим хүчээ авах байсан ч аваагүй. Бид 330 квт шугам татаж өгсөн. 220-ын дэд станцтай холбох гэсэн боловч одоо хүртэл холбоогүй байна.

    Энэ станц ашиглалтад орсноор гол хэрэглэгч нь Оюутолгой байх ёстой. “Оюутолгой” ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ