• Газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байрных нь түлхүүрийг олгохгүй байхаар шийдвэрлэжээ

    2020-04-08

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар гүйцэтгэгч компани хийж, бүрэн тохижуулсан байв.

    Баянхошуу дэд төвийн хүрээнд ашиглалтад орж буй “Бизнес инкубатор” төв ашиглалтад орсноор:

    • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр барилгын сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл болон гагнуурчны урт болон богино хугацааны сургалт явуулах
    • Ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтуудад хамрагдан аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагажин ажлын байранд зуучлуулах зэрэг үйлчилгээ, мэдээллүүлийг авах
    • Гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээг авах
    • Хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах
    • Гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх ач холбогдолтой юм.

    Мөн энэ үеэр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраа солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд хотын Захирагч шүүмжлэлттэй хандан, холбогдох албаныхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэдэд хандан яарал тай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгов.

    Түүнчлэн Хотын Захирагч газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байранд орох эрх, түлхүүрийг нь олгохгүй байх шийдвэрийг гаргалаа.

     Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ