• УИХ дахь МАН-ын бүлгээс гурав дахь гишүүн нь явна

    УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа УИХ-д даргад илэрхийлсэн.

    Ингэснээр МАН 2016 оны сонгуулиар авсан 65 суудлаасаа 3-ыг алдаж байгаа хэрэг. Бүрэн эрхээсээ татгалзсан 3 гишүүн нь бүгд өөрийнхөө хүсэлтээр татгалзаж байгаа юм.

    Эхлээд УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга УИХ-аас өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүний ийнхүү татгалзсаны учир нь хүчингийн хэрэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг хэтэрхий ил цагаан дайрсан нь ийнхүү буусан гэх нь бий . Түүний хувьд аль 2018 онд УИХ-ын гишүүнээсээ татгалзсан бол өнгөрсөн жил л Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2 жил хорих ял оноосон.

    Дараагийнх нь Н.Номтойбаяр. Улсын Ерөнхий прокурор Жаргалсайхан Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаад байсан ч тэр өөрөө бүрэн эрхээсээ татгалзсан билээ .

    Н.Номтойбаярын ХНН-ын сайд байхдаа хөрөнгө шамшигдуулсан болон Г.Батхүү агсан ордны гонхноос унаж нас барсан хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн хэмээх хоёр ч асуудал дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг. Энэхүү хэргийн явц ямар байгаа нь эдүгээ тодорхой болсонгүй.

    Монголын хамгийн хөрөнгөлөг хүний өв залгамжлагч болох түүнийг тэрбум төгрөгийн хандив МАН-д өгөөд дэд сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, сайд болсон тухай ярьдаг. Тэр өөрөө ч энэ тухай УИХ дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрэлдэж байхдаа ярьж байсан билээ.

    Харин Б.Батзоригийн хувьд ХХААХҮ-ийн сайдын албыг хашиж байхдаа ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, яам тамгын дарга сайд нарт олноор нь өгч, тэр байтугай өөрийнхөө эхнэрийн компанид зээл авсан байдаг. Үүнээсээ болж сайдын суудлаасаа огцорч, прокурорын хүсэлтээр УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдахаа шахаж байсан билээ.

    Харин энэ удаа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь прокурортой ял наймаалцсантай холбоотой гэдэг. Тэрбээр ийнхүү өөрийгөө бодсон уу, намаа бодсон уу ямартай ч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.

    Гэхдээ эдгээр хэргүүд ирэх сонгуулиар МАН-ын эсрэг ашиглах АН-ын нэг хөзөр байх нь бол тодорхой юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ