УИХ нэгэн сонгуулийн бүрэн эрхээ дуусгаж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх олон ч зүйл болсон. Мөн УИХ-ын 76 гишүүн бүгд төрийн хэргийг чадварлаг, ёс зүйтэй явуулж чадсан уу гэдэг бас асуудалтай.
Иймд www.gereg.mn сайтын редакциас “76:1 ДӨРВӨН ЖИЛ” цувралыг эхлүүллээ.
Энэ удаа УИХ-ын гишүүн С.Жавхлангийн дөрвөн жилийн онцлох үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар хүргэж байна.
Уншигч, сонгогч Та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ. УИХ-ын гишүүн төрийн бодлогыг оновчтой тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг, мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй, хууль зөрчдөггүй, хувийн ашиг сонирхолд бага хүлэгдсэн хүн байх ёстой гэдэгт бид бүгдээрээ санал нэгддэг билээ.
2016
01 July
2016.07.01
Би дээлээ тайлахгүй, ер нь эднийг бүгдийг нь дээл өмсгөж сургана
УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авах үеэр тэрээр “Би дээлээ тайлахгүй, ер нь эднийг бүгдийг нь дээл өмсгөж сургана.Эд нарт би жинхэнэ ядаргаа болно. Монгол хувцастайгаа ирэхгүй бол цаашлаад монгол дээлээ өмсөхгүй бол Жавхлан тэмцэнэ шүү” гэсэн билээ.

05 July
2016.07.05
Ташуураа далайн Төрийн ордонд орж ирэв
Бие даан өрсөлдөж сонгогдсон С.Жавхлан чуулганы нээлтэд 99 морьтон дагуулан ирж, Ташуураа далайн Төрийн ордонд орж ирэв.

02 September
2016.09.02
Анхны цалингаараа бага ангийн сурагчдад дүрэмт хувцас урлуулан өгөв
БЗД-ийн 85-р сургуулийн нэг ангийн сурагчдад дүрэмт хувцасыг нь өөрийн анхны цалингаараа хийлгэн, бэлэг барив. Сурагчдын дүрэмт хувцасыг монгол дээлний загвараар урлуулжээ. Түүний анхны цалин хэмээн нэрлэж буй нь учиртай аж. Өмнө нь С.Жавхлан төрийн алба хашиж байгаагүй бөгөөд цалин авч байгаагүй гэнэ шүү. Нийтдээ 1.542.122 төгрөгийн цалин авсан байна.

11 November
2016.11.11
“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар нээлттэй ярилцах урилгыг хүргүүлэв
“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар нээлттэй ярилцах урилгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарт хүргүүлэв.

2017
11 January
2017.01.11
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцрохыг шаардав
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгатай хамтран Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.

05 April
2017.04.05
Чуулган эхэлсэн өдөр Бурхан халдуныг зорив
Чуулганы нээлтэд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ. Ханш нээгдсэн өдөр Төрийн ордонд биш, уул, ус, овоондоо очиж, монгол төр, ард иргэдээ даатгах цаг ирсэн гэж мэдэрсэн учраас Бурхан халдуныг зорьжээ.

18 May
2017.05.18
Намайг энд хүн гэж тоохгүй байна
Хурлын ирцийн мэдээгээр байнга сүүл мушгидаг тэрээр “Би олон хүний саналаар төрөө цэвэрлэхээр энд суусан. Гэтэл үнэхээр намайг хүн гэж тоохгүй байна. Ийм худлаа зүйлийг өдөр бүр хэлэлцэж байгаа төрд байх нь зөв ч юм уу, үгүй ч юм уу” гэв.

31 May
2017.05.31
Миний шаардлагад хариу өгөхгүй байгаа учраас би өрөөндөө амьдарна
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр “Намайг ажлаа хийдэггүй гэж шүүмжлээд байна. Би шаардлага өгсөн ч хариу өгөхгүй байна.Тиймээс өрөөндөө амьдарна” гэв. Оффшор данстай холбоотой шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч хариу өгөөгүй учир тэр ийнхүү ажлынхаа өрөөнд хэд хонов.

18 September
2017.09.18
МАН-ын хэрүүлээс болж Монгол хохирч дууслаа
“МАН-ын хэрүүлээс болж Монгол хохирч дууслаа” гээд 10 хоногийн дотор засгаа эмхлэн байгуулахыг эрх баригчдад шаардав.

2018
10 January
2018.01.10
“УИХ уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахыг санаачлав
Тэрээр “УИХ уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар санаачилсан ч УИХ-ын Тамгын газраас танхимын боломжгүй гэсэн хариу өгчээ.

28 June
2018.06.28
60 тэрбумтай холбогдсон хүмүүсийг Төрийн ордноос хөөтөл тэмцэнэ гэв
Ерөнхийлөгч Х.Баттулгад офшортой тэмцэх, 60 тэрбумын асуудлыг шийдэхээр гарч ирсэн амлалтыг нь сануулж, энэ хүмүүсийг Төрийн ордноос хөөж гартал тэмцэл өрнүүлнэ гэв.

30 August
2018.08.30
Сү.Батболдыг АТГ-д шалгуулахаар хүсэлт өгөв
УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаагаа цахим хуудсаараа мэдэгдлээ. Сү.Батболд гишүүнтэй хамаарал олон компанийг шалгах, яаж ийм олон компанитай болсноо тайлбарлахыг шаардав.

04 October
2018.10.04
Энд тэндхийн төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй боллоо
"Гадаадын онгоц ирж, Монголд баривчилгаа хийсэн, галт тэрэг замаас унаж, осолдсон, яам, тамгын газарт хүн амины хэрэг гарсан байхад ҮАБЗ хуралдахгүй байна, хэлээ хазаад сууж байгаа Ерөнхий сайд, энд тэндхийн төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй боллоо” хэмээн шүүмжлэв.

2019
05 April
2019.04.05
Гишүүний шинэ тангараг зохиов
УИХ-ын гишүүдэд зориулж амин хувь, авгай хүүхдийнхээ төлөө ажиллана гэсэн шинэ тангараг зохиосноо уншиж өгөв.

22 April
2019.04.22
Гишүүн болсноос хойш анх удаа бие даан хууль боловсруулав
УИХ-ын гишүүн болсноос хойш анх удаа бие даан хууль боловсруулав. УИХ-ын тухай хуульд Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн офшор бүс, архи тамхины үйлдвэрлэлтэй хамаагүй байх, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, хахууль аваагүй, ял шийтгүүлээгүй байх заалтыг тусгажээ. Энэ хуулийн төсөл одоогийн УИХ-ын гишүүдэд ч хамаатай гэв.

02 May
2019.05.02
Тулгын гурван чулууны нэг нь болов
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын ШИНЭ намд элсч байгаагаа мэдэгдэж, тулгын 3 чулуу шиг туждаа хамт явна гэв.

17 June
2019.06.17
Гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлдэг хуулийн төслийг санаачлав
УИХ-ын гишүүд олноор ЖДҮ-гээс зээл авсан учир гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай хэлэлцдэг байх хуулийн төсөл санаачилж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

2020
10 February
2020.02.10
ШИНЭ намын үзэл баримтлалтай танилцаж буй
ШИНЭ намыг дэмжиж гурав, дөрвөн аймгаар явсан. Надад ШИНЭ нам санал тавьж, үзэл баримтлалаа явуулсан. Үзэл баримтлалтай нь танилцаж байгаа.

01 April
2020.04.01
УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн фэйсбүүктээ "30 жил Монгол эх орныг минь, тонон дээрэмдэж, эв эе, элбэрэл журмыг алдуулж, зөвхөн хар амь, ялзарсан толгойгоо хоохойлсон сэтгэл нь өмхий адсаганууд, Таануудад 31-дэх жил гэж байхгүй шүү, тийм орон зай одоо огт үгүй болсоныг дуулгаад, шоолж инээе дээ...” хэмээн постолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Нутаггүй нэгэн болвоо ингээд
Морьтой ирсэн Жавхлан Бээлтэй буцлаа хөөрхий дөө
Гоё санаа байна. Нээрээ л дээлтэй суусаар байгаад явлаа даа хөөрхий