• МАН, АН зэрэг 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас буцаалаа

    Үндэсний аудитын газраас мэдээлэл хийж, УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргасан тухайгаа танилцууллаа.
    Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Монгол Улсад бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нам эвсэл нь өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө өгсөн. Ингээд мөрийн хөтөлбөрүүдийг үзэж танилцаж, дүгнэлт гаргалаа.

    Хуулиараа мөрийн хөтөлбөрүүд нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т зааснаар эд хөрөнгө, мөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй үйлчилгээ, хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бусдад хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгож хуваарилахгүй байх гэсэн заалт байдаг.

    Ингээд 7 намын мөрийн хөтөлбөр нь хуульд нийцэж, 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангагдахгүй гэж буцаагдаж байна. Буцаагдсан мөрийн хөтөлбөрөө намууд ажлын 5 хоногт шаардлагад нийцүүлээд дахин өгөх боломжтой.  Шаардлага хангасан 7 нам нь:

    1. Зон олны нам

    2. Хөгжлийн хөтөлбөр нам

    3. Дэлхийн Монголчуудын нам

    4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

    5. Эх орон нам

    6. Ард түмний олонхын засаглал нам

    7. Ард түмний нам байна” гэв.

    Ингэснээр эрх баригч МАН, сөрөг хүчний АН тэргүүтэй 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөр буцаагдаж байгаа хэрэг ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ