• Л.Мөнхтүшиг:Эх орныхоо нөхцөл байдлыг ойлгож,тэндээ тэсээд,ирэхгүй байгаа маш олон иргэд байгаа

    Гадаад улсад амьдарч буй Монгол улсын иргэдээс хичнээн иргэн нутаг буцах хүсэлтээ албан ёсоор өгсөн тухай асуудлыг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

    Г.Мөнхтүшиг “Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар гадаадын 45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүнд,

    • Эрүүл мэндийн шалтгаантай-84
    • Ахмад настан-271
    • Жирэмсэн-32
    • Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай-378
    • Оюутан-811
    • Санхүүгийн нөхцөл хүндэрсэн болон бусад шалтгаантай 4,000 орчим иргэн хамаарч байна.
    • Вашингтон, Нью-Йорк, Сан Франциско дахь манай консулын газруудын өгсөн мэдээллийг нэгтгэсэн тоон мэдээллээр Америкаас ирэх хүсэлт тавьсан иргэний тоо 1,000 гараад байна.
    • Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ-аас бидний тооцоолсноор хамгийн багадаа тэргүүн ээлжид ирэх хүсэлтэй гэх хүний тоо 2,000 байна. Тус улсад нийт 48,100 монгол иргэн байдаг тул эдгээр иргэдээс яг хэд нь өнөөдөр яаралтай нутаг буцах хүсэлтэй байгааг хэлэхэд хэцүү юм. Тиймээс Улсын Онцгой комиссоос өгсөн таван шаардлагын дагуу хүмүүсийг тэргүүн ээлжид бүртгэж байгаа юм.
    • Турк улсын хувьд манай улсын 5,000 гаруй иргэн оршин суудаг. Олон иргэд тус газар хүнд, хэцүү нөхцөлд байгааг бид ойлгож байна. Истанбул дахь Консулын газар дахь элчингээс бид мэдээллийг тухай бүр авч байгаа. Тоон мэдээллээс харвал Туркээс ирэх хүсэлт тавьсан хүн 500-д хүрсэн.
    • Энэтхэгийн хувьд бусад улс, бүс нутагт байгаа иргэдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Энэтхэгт манай улсын лам хүүхдүүд их байдаг. Нэг хийдэд 300 гаруй хүүхэд байхад нөгөө хийдүүдэд нь тарсан байдалтайгаар хэд хэдэн хийдэд төвлөрдөг. Нийт 600 орчим лам, хуварга хүүхдүүд бий. Мөн Дели хотод эмчилгээ хийлгэхээр явсан гэх  150 гаруй иргэн байгаа. Бүртгэл хийлгэсэн 150 гаруй хүн Дели дэхь Элчин сайдын яаманд хандсан гэсэн үг.
    • ОХУ-дахь монгол иргэдийн хувьд бусад улс буюу хуурай замын хилгүй улсад байгаа иргэдтэй харьцуулбал харьцангуй азтай гэж тооцож болно. Учир нь тэдгээр иргэд заавал нислэгээр бус газраар дамжин Алтанбулагийн боомтоор, урьдчилан УОК-т мэдэгдсэний дагуу ОХУ-ын талтай ярьж, хилээр нэвтрүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байгаа. Хамгийн гол нь ирэх мэдээллээ иргэд Элчин сайдын яам болон Улаан-Үүд, Эрхүү хот дахь консулын газартаа урьдчилж өгөх ёстой юм. Энэ талаар бид ОХУ-д буй бүх консулуудад чиглэл өгч, ажиллаад явж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нутаг буцах хүсэлтэйгээр хандсан иргэдийн тоо 200 гарчихсан. Тус иргэдийг ойрын хугацаанд хилээр нэвтрүүлэх асуудлыг тусгаарлах байрны нөөц боломж, боомтоор орж ирсний дараа хэрхэн аюулгүй байдлыг хангаж, тусгаарлах байранд тээвэрлэн аваачих зэрэг асуудлыг шуурхай штабаас шийдвэрлэж, бэлтгэл хангагдсаны үндсэн дээр хилээр авна гэсэн үг. Тэгэхээр 150 гаруй иргэн урьдчилсан байдлаар орж ирнэ гэсэн хүлээлттэй байна.

    Харин хандаагүй буюу тэсэж, ойлгож байгаа, дараагийн ээлжид болъё гээд төр засгийнхаа нөхцөл байдлыг ойлгож буй маш олон хүн байна.

    Гадаадад 190 гаруй мянган монгол иргэн байдаг. БНСУ руу дахиад нислэг үйлдлээ гэхэд 250 суудал л байна. Хүнд байдалд орсон иргэд, залуучууд ч олон байгаа тул дургүйцэж, бухимдаж байгааг нь бид үнэхээр их ойлгож байна.

    Иргэдийнхээ буцах хүсэлтэй байгааг сайн ойлгож байна. Гэхдээ онгоц маань хязгаартай, УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу явж буйг ойлгоорой” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ