Сонгууль 2020:Сүхбаатар аймагт эрх баригчдын тэмцлээс залхсан сонгогчид АН-д итгэх үү

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

Сүхбаатар аймаг өмнөх сонгуулиар нэг мандаттай байсанэ бол энэ удаа хоёр мандаттай болсон. Энэ тойргоос Ч.Улаан бээр зургаан удаа сонгогдсон нь нэг тойргоос хамгийн олон удаа сонгогдсон явдал юм.

Сүхбаатар аймагт энэ удаагийн сонгуулиар эрх баригч МАН хэн хэнийг нэр дэвшүүлэх нь сонирхол татаж буй. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэж ярьж байсан ч үгүй бололтой. Тэрбээр Хэнтийд нэр дэвших болов уу гэсэн таамаглал арай илүү давуу сонсогдож байна. Харин Ч.Улааны хувьд Дорнод руу явах уу, тойрогтоо дахин хүч үзэх үү, бүр улстөрөөс зодог тайлах уу гэдэг нь тодорхойгүй байна.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан, гавьяат эмч Ж.Чинбүрэнг Сүхбаатар явж магадгүй гэлцэж байна.

Сүхбаатар аймагт эрх барьж буй МАН 2016 оны сонгуулиас хойш даргаа солих гэж, аймгийн Засаг даргыг бүлэглэлүүд нь авах хэмээн тэмцэлдэж бөөн дуулиан шуугиан болж байлаа. Томоохон улстөрчид төрөн гарсан гэдгээрээ тэдний нөмөр нөөлөгт багтсан нөхдүүдийн зодооны талбар болсон хэрэг. Ерөнхий сайд асан Сү.Батболд, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд тус аймгаас гаралтнууд бий. Хэдийн УИХ-ын сонгуульд ялдаг ч аймагтаа засаглаж чаддаггүй МАН энэ удаа Ч.Улааныг дахин нэр дэвшүүлээд сонгуулна гэвэл хэцүү гэдэг тодорхой болсон гэлцэж байна.

Энэ удаа эрх баригчдын хэрүүл тэмцлээс болж, Сүхбаатарынхан МАН биш АН-ын залууст талтай хандаж мэдэх л юм.

АН-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь болон АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал нар өрсөлдөхөөр яригдаж байгаа аж. Ж.Батсуурийн хувьд аймгийн засаг дарга байхдаа ажлаараа тэргүүлж байсан залуу.

Ж.Батзандангийн ШИНЭ эвслээс яруу найрагч Ай.Төмөр-Очир, МАХН-аас Ж.Энхбаатар гэх мэт хүмүүс одоогоор нэр дэвшихээр яригдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ