• Govid19:Эрх баригчдын шийдвэр хэрэгжинэ,сөрөг хүчнийх бол санал  

    2020-04-03

    Ялангуяа гамшгийн  үед ард иргэд,улс орноо авран хамгаалах нөөц боломж, үүрэг, хамгийн гол нь эрх мэдэл нь Засгийн газарт байдаг.  Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран  бодлого гаргах, нөөцийг зарцуулах нь Засгийн газрын үндсэн ажлуудын нэг гэсэн үг. Хэрэв цар тахлын үед Засгийн газар буюу эрх баригчид үндсэн  ажлаа хийхгүй бол улс оронд сэтгэл зүйн, үл ойлгогдохуйн, тодорхойгүй байдлын паник үүсч, энэ нь хямралыг хурдасгах  хүчин зүйл ч  болж магадгүй.

    Манай Засгийн газрын хувьд “Covid19”-ын халдвар нийгэмд тархаагүй учраас харьцангуй тайван байж байгаад цогц, багц шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараа нь мөн танилцуулсан.

    Засгийн газраас дараахь долоон арга хэмжээг хэрэгжүүлэхэд  5.1 их наяд төгрөг зарцуулахаа зарласан.

    1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацааны  ААН,компаниудын  НДШ-ийг бүрэн тэглэлээ.
    2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх 6 сарын хугацаанд  иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй
    3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл  1.5 тэрбум төгрөгөөс доош  орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй
    4. Дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл гурван сарын хугацаанд 18 насны хүүхдэд сар бүр олгодог 20,000 төгрөг дээр нэмж 10,000 төгрөгөөр нэмж олгоно
    5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдад 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар даана.
    6. Үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалсан ААН, хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200,000 мянган төгрөгийн мөнгөн тусламж  олгоно
    7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

    Энэ шийдвэрийг ард иргэд ч нааштай хүлээж авсан хандлага  ажиглагдсан.  5.1 их наяд төгрөгийн нэг хэсгийг буюу 3.7 их наядыг гаднаас нэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авах маягаар, үлдсэнийг улсын төсвийн нөөцөөс  зарцуулна гэдгээ Сангийн сайд  мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн эх үүсвэрээ тооцон гаргасан шийдвэрээ Засгийн газар танилцуулсан хэрэг.

    Гэтэл эрх баригчдын олон нийтэд хүрсэн эдгээр шийдвэр сөрөг хүчнийхнийг “түргэн авахуулав” бололтой. Тэд өдөр бүр нэг, хоёр, бүр гурвын зэрэг саналыг /нэг ёсны амлалт/  өгөх болов.   Ипотекийн зээл, хүү болон бусад төлбөрийг 12 сараар хойшлуулах,  дотоодын дээд сургуулийн бүх оюутны 2020-2021 сургалтын төлбөрийг чөлөөлөх, малчдын зээлийн хүү төлбөрийг хойшлуулах,шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тариаланчдын зээлийн хүү төлбөрийг хойшлуулах,шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Төрийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн түрээсийг гурван сараар чөлөөлөх, хүүхдийн 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж,зургаан сарын хугацаанд олгох гэх мэт саналыг гаргалаа.

    Мэдээж шинэ коронавирусээс хохирол багатай гарах талаар саналаа хэлэх эрхтэй боловч сөрөг хүчинд уг саналаа шийдвэр болгон хэрэгжүүлэх нөөц буюу  эрх мэдэл байхгүй, гагцхүү сонгууль дөхсөн учраас амлалт шиг сонсогдож байна. Хөл хориотой, худалдаа,үйлчилгээ доголдсон, экспорт, импорт зогссон энэ үед амьдралд нэмэртэй ямар шийдвэр гарч хэрэгжих бол гэж иргэд хүлээж байгаа. Ийм үед гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хүмүүст  итгэж, дагах нь ард иргэдийн хувьд ч хариуцлагатай холбоотой асуудал. Элдэв улстөржсөн мэдэгдэл хийж, ард иргэдэд нөөц боломжоос хэт давсан амлалт өгөхгүй байх нь ч улстөрийн намуудын хариуцлагын асуудал юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ