• Дэлхий даяар Covid-19 өвчний халдвараар нэг сая гаруй хүн халдварлалаа

    Дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг сая гаруй боллоо. 500 мянган хүн халдвар авсанаас хойш ердөө долоо хоногийн дотор ийнхүү нэг сая гарлаа. Энэхүү сая хүний 20 гаруй хувь нь ганц АНУ-д оногдож байна. АНУ-д 240,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 5,700 гаруй өвчтөн нас баржээ.

    Уг өвчнөөр нас барсан хүний тоо дэлхий дахинд нийтдээ 50,000 хүрэв.

    Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ямар нэг хөл хорионы дэглэм, тусгаарлалтын нөхцөлд амьдарч байна. Франц, Испани улсуудад нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвараар нас баржээ.

    Пүрэв гарагт Францын засгийн газар нийт 471 эндэгдэл бүртгэснээс гадна тус улсын асрамжийн газруудад илэрсэн 884 эндэгдлийг нэмж зарласан байна. Франц улсад нийт эндэгдлийн тоо 5,387 болж нэмэгдлээ. Тус улсад өмнө нь ахмадын асрамжийн газруудад илэрсэн эндэгдлийн тоог бүртгэдэггүй байжээ.

    Франц улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 59,105 бүртгэгдээд байгаа нь Европ тивд Итали, Испанийн дараа орох үзүүлэлт болжээ.

    Испани улсад 950 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. ингээд Испанид 10,003 хүн нас баржээ.

    Эндэгдлийн тоо нь харьцангуй тогтворжиж байгаа Итали улсад өчигдөр 760 өвчтөн нас барж, нийт 13,915 болжээ.

    Ийнхүү Итали улсад илэрсэн нийт халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 115,242 хүрчээ.

    Иран улсын парламентын спикер Али Ларижанигийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагдсан байна. Тэрээр шинэ коронавирусийн халдвар авсан Ираны төр засгийн хамгийн өндөр албан тушаалтан болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ