
Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.
Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.
Энэ удаа Өмнөговь аймагт ямар намаас хэн нэр дэвшихийг тоймлож байна. Өмнөговь аймаг хоёр мандаттай.
Өмнөх сонгуулиудад Өмнөговьчууд АН болон МАН-ыг хольж сонгож ирсэн түүхтэй. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас хэний ч мэдэхгүй Л.Амарзаяа, Л.Энхболд нар дэвшин УИХ-ын гишүүн асан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, аймгийн засаг дарга асан Б.Бадраа нарыг ялсан.
Энэ утгаараа Л.Энхболд, Л.Амарзаяа нарыг энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшүүлчих боломжтой мэт. Гэвч тэднийг дахин нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан их байна.
Л.Амарзаяагийн хувьд сонгогчдоо би та нарын хүчээр сонгогдоогүй хэмээн загнадаг, нам дотроо “60 тэрбумын”-ны талд орсон зэргээс болж жийгдэж байгаа гэх. Хэдийн эмэгтэйчүүдийн квот гээд гүйж байгаа ч бусад тойрогт шинэ эмэгтэйчүүд цөөнгүй гарч ирж байгаа болохоор түүнийг дэвшүүлэхгүй байх хэмээн олон судлаачид үзэж байна.
Харин Л.Энхболдын хувьд ЖДҮХС-аас хэдэн удаа зээл авсан нь илэрч хуулийн байгууллагад шалгагдан, УИХ-аас татуулахаар прокурор санал оруулж ирсэн удаатай. Тэгээд ч МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд ЖДҮ-д орооцолдсон хэнийг ч болов нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн. Л.Энхболд мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний талбайгаас орон нутгийн буюу “жижиг” Тавантолгой ХК 300 мянга гаруй тонн нүүрс хулгайгаар гаргасан тухай асуудлыг хөөцөлдөж байсан ч уг асуудал чимээгүй болчихсон.
Мөн Л.Энхболдын хувьд Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн болон тээврийн компаний экологийн эсрэг гэмт хэргийн эсрэг огт дуугарч харагдахгүй байгааг нь ч шүүмжлэх хүн олон байна. Гэвч Л.Энхболд нэр дэвшинэ хэмээн тойргоо усалж яваа гэх.
Энэ хоёр гишүүний оронд Өмнөговьд эрх баригч МАН-аас МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тус аймгийн засаг дарга Н.Наранбаатар нар нэр дэвших сурагтай. Н.Наранбаатарын хувьд хамгийн их хэрүүл тэмцэлтэй Өмнөговь аймагт боломжийн ажиллаж байгаа нь хамгийн гол үзүүлэлт аж.
Харин Х.Мандахбаярын тухайд Тост Тосон бумбын нурууг хамгаалахаас эхлээд эдүгээ “Страто”-гийн экологийн сүйрэл учруулан нүүрс тээвэрлэж буйн эсрэг тэмцлийг тэргүүлж яваа. Ер нь Өмнөговь аймагт тулгамдаад байгаа уул уурхайтай холбоотой экологийн 10 томоохон сүйрлийн эсрэг тэмцэж байгаа гэдэг.
Тэгвэл Өмнөговьд энэ удаа АН-аас “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нар дахин нэг удаа даагаа нэхэх сураг байна. Энэ удаа хэдий “Ажнай”-г яаж ч магадгүй гэлцэж байгаа ч орон нутгийн Тавантолгойн 49 хувийг эзэмшигч тэрбумтан тэрбээр цагтаа Өмнөговиос удаа дараа УИХ-д сонгогдон БХЯ-ны сайдын албыг хүртэл хашиж явсан нэгэн.
Б.Бадраагийн хувьд МАН-ынхан орон нутгийн Тавантолгойг булаацалдан хагарсныг ашиглаж амжилттай улстөр хийн аймгийн Засаг даргаар удаа дараа ажиллаж байсан нэгэн.
Тэд МАН-ын нэр дэвшигчдийн хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой.
Харин бусад намаас хэн хэн өрсөлдөх, тэдэнтэй МАХН-аас Д.Эрдэнэ, Б.Буджаргал нар дахин өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй