• Сонгууль 2020:Өвөрхангайд АН-аас Асашёорюү, МАН-аас Д.Лүндээжанцан зургаа дахиа нэр дэвшинэ

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна. Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    УИХ-ын сонгуулийн тухай хуулиар энэ удаа Өвөрхангай аймагт гурван мандат ногдсон хэвээрээ үлдсэн. 117 мянган хүнтэйгээс 72 мянга орчим иргэн нь сонгуульд санал өгөх насных аж.

    Өмнөх долоон удаагийн УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт 2004, 2008, 2012 онуудад АН ялалт байгуулж байсан бол 1992, 2000, 2013, 2016 онуудад МАН-ын олонх ялалт байгуулж байсан аж. Ялангуяа 2016 онд Өвөрхангайчууд МАН-ын гишүүдэд 100 хувь итгэл үзүүлсэн.

    Өвөрхангай аймгийн сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн /МАН/, С.Чинзориг нарыг сонгосон билээ.

    Харин 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт эрх баригч МАН-аас УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Д.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар нэр дэвшинэ.

    УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд ЖДҮ авсан учир энэ удаа өрсөлдөхгүй намынхаа сонгуулийн төв аппаратад ажиллаж, нам нь олонх болбол Засгийн газрын гишүүнээр ажиллах тохироо хийсэн гэлцэнэ .

    Д.Лүндээжанцаны хувьд 1992-2008 онд Өвөрхангайгаас УИХ-д суусан бол өмнөх сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдсон. Харин энэ удаа Я.Содбаатарын оронд нутагтаа хүч үзэхээр шийджээ. Д.Лүндээжанцан нарыг залуустаа зайгаа тавьж өгдөггүй хэмээх яриа намынх нь залуус дунд хүчтэй яригддаг. Гэхдээ нэг суудал авахуулахын тулд түүнийг дахин нэр дэвшүүлэх байх гэлцэнэ.

    Д.Тогтохсүрэнгийн хувьд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар найм, Засаг даргаар найм, МАН-ын хорооны даргаар 16 жил ажилласан. Нэг аймгийг хамгийн олон жил удирдсан мөн хамгийн их бүтээн байгуулалт хийсэн хүн хэмээн нутгийнхан нь сайшаадаг. Тиймээс Өвөрхангайд хүний  өөрийн намаас нэр дэвшигчдээс хамгийн өндөр рейтингтэй нь  Д.Тогтохсүрэн юм. Тиймээс ч түүнийг онилсон дайралт өнгөрсөн жилээс эхэлж, авлигын хэргээр АТГ-т шалгуулсан. Мөн нэвтрүүлэг ч хийсэн.

    С.Чинзориг сайдын хувьд уг нь хоёр удаа сонгогдсон ч эхний ялалтаа 2012 онд АН-ынханд луйвардуулсан. Тиймээс ч өнгөрсөн сонгуулиар нутгийнхан нь түүнийг дахин сонгож УИХ-д илгээсэн гэдэг. Энэ удаа Засгийн газрын гишүүний давхар албатай тэр бас хүчтэй өрсөлдөгч болох нь тодорхой.

    Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшихээр өмгөөлөгч О.Алтангэрэл, Асашёорюү Д.Дагвадорж, С.Дэмчиг, Ч.Даваабаяр нарын нэрс яригдаж байна. Өмгөөлөгч О.Алтангэрэлийн хувьд Өвөрхангай аймгийн АН-ын хорооны даргаар ажилладаг. АН-ын үнэнч гишүүн бөгөөд Ардчилсан хүчний холбоонд харьяалагддаг учраас бараг чигээрээ гэнэ. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул О.Алтангэрэлийг АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын тун ойрын хүн нь гэлцдэг.

    Асашёорюү Д.Дагвадорж Хархорин, Хужирт зэрэг хүн ам олонтой сумдад  сонгуулийн бэлтгэлээ эртнээс базааж ирсэн. Өвөрхангайн Хужирт сумын уугуул түүний хувьд бас л хүчтэй өрсөлдөгч байх нь гарцаагүй.

    С.Дэмчиг нь 2012-2016 онд АН-ыг эрх барьж байх үед тус намын УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад нэр дэвшсэн ч унасан. 2020 оны сонгуулиар дахин төрсөн нутаг Өвөрхангайдаа нэр дэвших сураг бий. 1986 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. С.Дэмчиг сүүлийн үед сураггүй болсон ч сонгуулийн бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

    Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Өвөрхангай аймагт горилж буй. Ч.Даваабаяр 2016 оны сонгуулийг угтаж тойргоо хамгийн их усалж, өөрийгөө таниулах бүхий л арга чаргаа хэрэглэж байсан ч сонгуулийн өмнөхөн нэр дэвшихгүй хэмээн мэдэгдсэн. Түүний оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нэр дэвшиж ялагдаж байсан. Энэ жилийн УИХ-ын сонгуульд Ч.Даваабаяр нэрээ татахгүйгээр өрсөлдөхөөр шийдээд буй гэнэ.

    Өвөрхангай аймагт ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг нэр дэвшинэ гэх мэдээлэл бий ч үгүй байх гэх хүн олон байна. Тэрбээр Өвөрхангайгаас сонгогдсон МАН-ын гишүүдийг харлуулах зорилготой хэд хэдэн удаа мэдээлэл хийж, нэвтрүүлэг хүртэл зохион байгуулалттайгаар бэлтгэж, Өвөрхангайн тойрогт нэр дэвших санаархлаа ил, далд илэрхийлсэн гэгдэж буй. 2004-2005 онд асар их хэл амтайгаар, дараа нь 2008 онд тус тус Өвөрхангайчуудыг төлөөлж УИХ-д суусан ч түүнд сонгогчид нь тун ам муутай.

    МАХН-аас Б.Эрдэнэбилэгт, Ё.Бямбатогтох, Ц.Цэндээ нар, ШИНЭ эвслээс Үнэн ба Зөв намын дарга Д.Отгонбаатар гэдэг залуу хоёр нөхрийн хамт Өвөрхангайд очих юм гэсэн .

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ