Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2020 оны гуравдугаар сарын 9-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэрэг нь шүүхэд шилжих үеэр С.Баяр твиттертээ “…Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачна гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм алга” гэж жиргэсэн байдаг.
Үүний дараа “…Ерөнхий сайд С.Баярын хэргийг прокурорт буцаажээ” гэх мэдээлэл тарав.
Эх сурвалжийн мэдээл­лээр С.Баярт холбогдох хэр­гийг прокурорт буцаагаагүй. Харин уг хэрэгт харьяаллыг тогтоолгож байгаа юм байна.
Учир нь С.Баярын хэргийн тухайд яллагдагч болон хэргийн бусад оролцогчийн зүгээс шүүхийн харьяаллыг буруу, зөв хэмээх гомдол,санал гарах магадлал өндөр аж. Ингэх нь уг хэргийг шүүх үйл ажиллагаанд саад болох тул дээрх арга хэмжээг авчээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин