• Д.Баттулга:Нийслэлийн төсвөөс хэрэггүй зардлуудаа танаж,эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжье

    2020-03-31

    НИТХ дахь АН-ын бүлгээс Хотын Захирагч С.Амарсайханд нийслэлийн төсөвт тодотгол хийж,хэрэггүй зардлаа танаж, оронд нь эрүүл мэндийн салбартаа тусламж үзүүлэх,өрхийн бизнесийг дэмжих сангуудын төсвийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүллээ.

    НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Д.Баттулга “Цалингаас суутгадаг орлогын албан татварыг мөн НДШ-ийг зургаан сарын хугацаанд ААН-үүдээс авахгүй байхаар шийдвэрлэсэн.

    Энэ нь Улаанбаатар хотын төсөвт хүндээр тусч,хотын төсөв их хэмжээгээр тасарна.

    • Нийслэлийн төсвийн орлого 2020 онд 1.2 их наяд төгрөг байснаас 700 гаруй тэрбум төгрөг нь зөвхөн хүн амын орлогын албан татвараас бүрддэг.
    • Жилийн хагаст нь орлогын албан татвар авахгүй бол 350 тэрбумаар хотын төсөв тасарна. Үүнийг дагаад хотын бусад орлогууд тасарна.
    • Эхний хоёр сард Улаанбаатар хотын төсөв 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байна.

    Иймд НИТХ-ын Ардчилсан намын бүлэг нийслэлийн төсөвт нэн яаралтай тодотгол хийх шаардлагыг хүргүүлж байна.

    Хотын урсгал зардалд 570 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бол 2020 онд 360 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад хийхээр НИТХ шийдэгдэж байсан.

    Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, зүүн хойд жуулчны төвийг байгуулах, сандал ширээ худалдан авах, гадаад дотоодод очиж туршлага солилцох, соёлын ордон барих ажлуудын төсвийг танах хэрэгтэй.

    Аз жаргалтай хотын индексийг тогтоохын тулд нэг тэрбум төгрөгийг тавьсан гэх мэтчилэн хэрэггүй зардлаа танаж,оронд нь эрүүл мэндийн ажилтнуудаа харж үзэх,  тодорхой хэмжээгээр урамшуулах,дутагдаж байгаа техник тоног төхөөрөмжийг нийслэл чадах чинээгээрээ худалдаж авч тусламж үзүүлмээр байна.

    Мөн өрхийн бизнесийг дэмжих сангуудын төсвийг нэмэх шаардлагатай” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ