Сонгууль 2020: Эрдэнэтэд хуучин гишүүд нь биш “шинэ”-ээр Ц.Нямдорж тэргүүтэн дэвшинэ

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна. Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна. Удахгүй Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт ёсоор Эрдэнэт хот нэрээ сэргээх уг тойрог эдүгээ 3 мандаттай.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Эрдэнэт хот буюу Орхон аймгаас УИХ-д МАН-ын О.Содбилэг, Д.Дамба-Очир, МАХН-ын О.Баасанхүү нар сонгогдсон.

Харин энэ жилийн тухайд О.Содбилэг МАН-ын нэр дээр дахин нэр дэвших хүсэлтэй байгаа бол Д.Дамба-Очир Дундговь руу буурь сэлгэхийг хүсч яваа.

О.Баасанхүүгийн хувьд нахичих санаатай ч Н.Энхбаярын хорхойтой араанд зуугдсан түүнд боломж олдохгүй байх магадлалтай. О.Баасанхүү өөрөө болохгүй бол бусад санал тавьсан намуудтай ярьж хөөрч байгаад нэр дэвшчих бодолтой яваа.

О.Содбилэг хэдий нэр дэвших хүсэлтэй байгаа ч энэ удаа түүнийг дэвшүүлэхгүй байх магадлал бий. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Их хурал баян айлын хүүхдүүдийг хүмүүжүүлдэг цэцэрлэг биш” гэж хэлж байсан удаатай. Энэ үгийг тэрбээр Н.Номтойбаяр, О.Содбилэг нарт зориулсан. Click To Tweet

Эрх баригч намаас УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Эрдэнэтэд нэр дэвших хүсэлтэй гэлцэж буй. Ц.Нямдорж 2016 онд энэ удаагийн парламентад нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдож орж ирмэгцээ Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар Монголын төрийг татгалзуулан байж хувьчилж авсан МАНАН-тай тэмцэж эхэлсэн. Тэгсээр эцэст нь тус үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авсан.

С.Зориг агсаныг хөнөөсөн хэргээр 22 жилийн ялтай шоронд сууж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг уг хэрэгт хамаагүй золиослогдсон хүмүүс гээд ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан. Эдгээр хүмүүс бүгд Эрдэнэтийнх. Тиймээс Ц.Нямдорж Эрдэнэтэд нэр дэвшинэ гэлцэж байна.

Тэгвэл Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нэр дэвшихийг хүсч байгаа гэнэ. Статистик мэдээгээр аймгийн төсвийн орлого 28.9 хувиар өсөж, ажилгүйчүүдийн тоо 2.4 хувиар буурч, ажлын байр 41.7 хувиар өсөн гэмт хэргийн тоо буурчээ. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр бусад аймгуудыг тэргүүлж байгаа учир нэр дэвших хүсэлтэй аж. Эсрэгээр түүнийг төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, өөрийн тойрон хүрээлэгчиддээ орон сууц үнэгүй өмчүүлсэн “Land 200” автомашин авсан гэх сөрөг мэдээллүүд бий.

МАН-ын нарийн бичгийн даргын суудлаа алдаад буй Ц.Бат-Энх бас нэр дэвших хүсэлтэйгээ аль хэдийнээс илэрхийлж ирсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Ц.Бат-Энх “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аар дамжуулан Эрдэнэтэд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан.

“Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ ч Эрдэнэтэд нэр дэвших хүмүүсийн тоонд багтаж байна. Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн хүүхэд багачуудаас эхлээд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, төрийн албан хаагч, оюутан залууст чиглэсэн төрөл бүрийн хүмүүнлэгийн ажил санаачлан хэрэгжүүлж ирсэн гэнэ. Эрдэнэтийн тулгамдсан асуудал болох орон сууцны асуудлыг шийдэх үүднээс БНСУ-ын хөрөнгө оруулалтаар наадмын талбайн дэргэд 288 айлын “ББ парк” орон сууцны хотхон барих ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Эрдэнэтийн АН-ын дарга Ц.Батхуяг намынхаа нэр дэвших хүсэлтнүүдийг тэргүүлж байгаа гэх. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т засварчнаас ажлын гараагаа эхэлж Баяжуулах үйлдвэрийн дарга хүртэл дэвшин ажилласан Ц.Батхуяг 2018 онд аймгийн АН-ын дарга болсон ба 2012-2016 онд Орхон аймагт хийгдсэн их бүтээн байгуулалтын ажлууд түүнтэй холбогддог аж.

Тус намаас мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ны дарга, “Орхон чандмань” компанийн захирал Д.Өсөхбаяр нэр дэвших гэнэ. Тэр 2012 оноос АН-ын гишүүн, 2015 оноос аймгийн намын хорооны гишүүнээр сонгогдсон бол 2016 оноос аймгийн МоАХ-ны даргаар ажиллаж бай гаа аж. Түүнчлэн Орхон аймгийн АН-аас АН-ын ҮБХ-ны гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Р.Улаанхүү, аймгийн АН-ын дарга болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Д.Чулуунбат, “Стептрэйд” ХХК-ийн захирал, АН-ын хороо, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны гишүүнээр ажиллаж буй Ц.Ойдов нар нэр дэвшиж магадгүй гэнэ.

“Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Эрдэнэтэд нэр дэвших бэлтгэлээ хэдийн базаасан. Орхон аймаг буюу Эрдэнэт хот нь үйлдвэрлэлийн бүс гэдэг утгаараа С.Ганбаатарын сонирхлыг татаж байгаа гэх. С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Эрдэнэтийнхэн дэмжиж олонхийн санал өгч байсан билээ. С.Ганбаатар сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж, Эрдэнэт хотод “өрх бүрд орон сууц олгоно” хэмээн сурталчилгаагаа хийж яваа. С.Ганбаатарын хамтаар УИХ-ын гишүүн асан Л.Цог, аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг нэр дэвшүүлж гурван мандатад өрсөлдөх тухай зарим хэвлэлээр гарсан. Click To Tweet

Жижиг намуудаас тухайлахад Эрдэнэтэд АТХН-ын дарга Л.Гүндалай, ШИНЭ эвслээс Л.Болд, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж болзошгүй гэнэ. Click To Tweet

Эдгээрээс харахад Эрдэнэтэд томхон “зодоон” болох нь тодорхой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ