• Монгол Улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

    ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “COVID-19 хурдацтай нэмэгдсээр байна. 27-ны өдрийн байдлаар 512 мянга 701-н  хүн халдвар авч, 23495 хүн нас баржээ. Өчигдөр дэлхийн 50 гаруй орнууд болон ДЭМБ-ын тэргүүн Тедрос, зургаан бүсийн захирлууд оролцсон цахим хурал боллоо. Манай орны ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭМ-ийн байгуллагын удирдлагууд оролцсон. Хятадын Ухань, Япон, БНСУ, Сингапур улсууд халварын эсрэг арга хэмжээ, сургамж, туршлагаасаа хуваалцлаа.

    Халдварыг эрт илрүүлэх, эрт эмчлэх, эрт тусгаарлах, хавьтлыг тандан судлах, хүн амыг бодит мэдээлээр хангах, хүн амын  оролцоог нэмэгдүүлэхийг чухал гэж үзэж байна. ДЭМБ-аас COVID-19-ийн 40-өөд удирдамж, заавар гаргаад байна”.

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлах байранд нийтдээ 3837 иргэнийг тусгаарласан яг одоо 2390 иргэн тусгаарлах байранд байгаа. Энд 320 эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтнууд ажиллаж байна.

    Тусгаарлах байранд байгаа иргэдэд бид халуун бууруулах болон өвдөлт намдаах эмүүдийг оруулахгүй байгаа. Харин чихрийн шижингийн эсрэг эмүүд, артерын даралт бууруулах эмүүдийг оруулж байна.

    Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар “COVID-19-ийг чийгнээс болсон халуун хүйтний хижиг өвчин гэж үзэж байгаа. Энэ нь уламжлалтынхаа чиглэлээр хөнгөн болон хүнд гэсэн хоёр янз гэж үзсэн. Уламжлалт эмчилгээг хөнгөн хэлбэрийн үед дархлааг дэмжих, үрэвслийн эсрэг ийм зорилгоор эмчилж байгаа.

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 206 хүнийг шинжилж дууслаа. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг тусгаарлаж шинжилж дууслаа.

    Ажиглалт, тусгаарлалтын үед эмч нар анхаарал сулруулахгүй ажиллана. Иргэд ч гэсэн өөрийгөө хамгаалж, ажиглаж,  тусгаарлалтыг сунгасан 21 хоногт дэглэмийг маш сайн хийж ажиллавал бид халдварыг хумих, хянах боломжтой. Бидний гол зорилго илрүүлэх. Ойр орчныг нь самнаж илрүүлэх, тандан судлах ажлыг хийнэ.

    Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.

    2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр гээд нийт зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 25-нд Сэлэнгэ аймагт тусгаарласан таван сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ