• Ч.Хүрэлбаатар:Тахлын үед үнэт цаас,бонд гаргах эсэх талаар судалж байгаа

    2020-03-27

    Засгийн газраас авч хэрэгжүүлэх нийт долоон төрлийн арга хэмжээн танилцуулгын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэд хэдэн асуудалд тайлбар өглөө.

    Тахлын үед үнэт цаас,бонд гаргах эсэхээр

    “Тахлын үед үнэт цаас,бонд гаргах ажлыг хэрхэн зохион байгуулах, бонд гаргах эсэх талаар судалж байгаа.  Африк тивд Эбола гарахад Дэлхийн банк тахлын үеийн бондыг 2017 онд гаргаж байсан. Бид нарын хувьд ялгаа байхгүй судалж байгаа. Ойрын 2-3 хоногийн дотор миний бие ДЭМБ-ны Дэд ерөнхийлөгч, УОВС-гийн Бүс нутаг хариуцсан захиралтай утсаар хурал хийнэ. Энэ үеэр нилээн хэдэн асуудлыг ярина”

    Эдийн засгаа дэмжих зорилгоор санхүүжилтыг хэрхэн бий болгож буй талаар

    “5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас коронавирусын тахал эхэлсэн үеэс санхүүжилтыг гаднаас бэлэн болгох чиглэлээр нилээд ажлууд хийгдсэн. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтыг баталгаажуулах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 720 сая ам.долларын санхүүжилтын эх үүсвэрийг баталгаажуулсөн бөгөөд ойрын үед УИХ-д оруулна. Үлдсэн 580 сая ам.долларын гэрээг үргэлжлүүлээд хийнэ”

    Ирэх жилээс өмнө нь хуримтлагдсан байсан бондын өрийг хэрхэн төлж барагдуулах талаар

    “Монгол улсын эдийн засаг, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл, дэд бүтэц гэсэн чухал салбаруудад зарцуулах чиглэлээр яриа хэлэлцээр хийж байна. Ирэх жил бид 2.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц дөрвөн төрлийн бондыг төлж эхэлнэ.

    Монгол улсын өмнө нь гаргасан бондуудын үнэ 15-20 хувиар унасан байгаа. 2019 оны дунд үеэс хийж байсан яриа хэлэлцлүүд үргэлжилж байгаа. Энэ Засгийн газрын хувьд өмнө нь хуримтлагдсан 2.9 тэрбум ам.долларын өрийг цаг хугацаанд нь төлнө гэсэн итгэл үнэмшилтэй байгаа гэдгийг хэлье”

    Банкны салбарт реформыг үргэлжлүүлэх эсэх талаар

    “Мөн банкны салбарт реформыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг сүүлийн хоёр жилийн хугацаанд барьж байна. Алдаа,дутагдалтай зүйлийг хамгаалж явна гэсэн зүйл огтхон ч байж болохгүй. Эрүүл саруул, ёс зүйтэй, зөв үйлдэлтэй бүх байгууллагуудыг дэмжиж хамгаалж явах учиртай. Реформыг энэ салбарт цаашид үргэлжлүүлэн хийж явах учиртай” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ