У.Хүрэлсүх:Хүний мөн чанар өвчин зовлонгийн үед бас өлсөхөөрөө харагддаг

2020-03-27

“Гадаадад байгаа монголчуудаа цаашид авах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариулсан хариултыг товчлон хүргэе.

У.Хүрэлсүх:


“Ард  түмэн хамтдаа өндөр зохион байгуулалттай, төр засгаас гаргаж буй шийдвэрийг дагаж, нэг айл шиг халуун ам бүлээрээ байж давж гарна. Манай ард иргэдийн мэдлэг,хандлага их өөрчлөгдсөн нь харагдаж байгаа. Хүмүүс бие биедээ шаардлага тавьж, маш их ухамсартай хандаж байна. Манай монголчууд зохион байгуулалтад орж, хамтарч ажиллаж чадаж байна. Бид холерыг, шувууны томууг,SARS,H1N1-ийг эрсдэлгүй давж байсан шиг энэ өвчнийг ч ингэж давах ёстой.

Бид  одоо дайны цагийн байдалд амьдарч байна. Үхэх үү,сэхэх үү гэсэн ирмэг дээр бид байгаа. Сайхан амьдрал биднийг, манай улсыг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амьддаа бие биенээ хайрлах хэрэгтэй гэсэн үгийг байнга бодож явах хэрэгтэй.

Хүний мөн чанар өвчин зовлонгийн үед бас өлсөхөөрөө харагддаг. Энэ үед хамгийн хүнлэг байх ёстой.

Монголчууд цөөхүүлээ. Ерөнхий сайдын хувьд гадаадад амьдарч байгаа хүмүүст санаа их зовж байгаа. Бидэнд хязгаарлагдмал нөөц байгаа учраас бүх иргэдээ татаж авна гэж худлаа ярьж чадахгүй. Гадаадад амьдарч байгаа тэр хүмүүс жаргал хөөж яваагүй, амьдрал хөөж, үр хүүхдээ, ар хүүхдээ тэжээх гэж явсан.

Чи минь үр хүүхдээ өсгөөрэй гээд аав нь,ээж нь явсан. Олсон хэдэн цаасаа эх орон луугаа явуулж, тэрүүгээр нь ар гэр нь амьдардаг юм.

Энэ иргэдээ би үхэхийн оронд чи үх гэж хэлж болохгүй гэж бодож байгаа.

Монгол улсын Засгийн газар цаашдаа иргэдээ,нэн түрүүнд нялх хүүхэдтэй, жирэмсэн,өндөр настан,хүний газар гацчихсан ард иргэдээ татна. Гэхдээ  үе шаттай зохион байгуулна. Зарим орнууд хилээ хаачихсан байгаа учраас,жишээ нь Европ луу гэхэд бид одоогоор нислэг хийж чадахгүй байна.

Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил.Монгол хүн битгий хэл монгол морь эх орон руугаа гүйдэг юм.

Харийн нутагт гэр бүлээ тэжээж байгаа монгол иргэдээ янз бүрийн улстөрчид доромжилж болохгүй. Энэ бол хүний ёс. Энэ бол монгол философи. Бид бололцоотой бүх арга хэмжээгээ авна”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ