• Д.Наранбаатар:Эрүүл мэндийн салбарын нөөцөө тооцохгүйгээр нэг дор 750 хүн авч ирэх поп шийдвэр гаргаж болохгүй

    2020-03-26

    Өнөөдөр УОК-оос БНСУ, Япон улсуудаас гурван өдөр дараалан хийгдэх нислэгээр нийт 750 иргэнээ татаж авахаар болсноо мэдээлсэн. Тэгвэл “Оном” сангийн эрдэмтдийн баг энэхүү шийдвэрийг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, даацаа зөв тооцоогүй, эрүүл мэндийн салбарынхаа нөөцийг бодож үзээгүй улс төрийн поп шийдвэр гэж шүүмжилж байна.

    Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Монгол улсын төрд эрдэмтдийнхээ хэлж байгааг сонсдог хүн алга.

    Дэлхийн хамгийн хүчирхэг улсуудыг хүртэл хөл дээр нь сөгдүүлээд байгаа коронавирусын халдварыг Монголдоо хурдтай нэмье гэсэн зорилготой ажиллаад байгаа юм уу, эсвэл тархалтыг хязгаарлаж, улс орноо хохирол багатай давж гарья гэж бодоод байгаа юм уу гэдгийн аль нь вэ гэдгийг үнэндээ ойлгохгүй байна.

    Энэ бол Эрүүл мэндийн яамыг биш Засгийн газрыг шүүмжилж байгаа явдал.

    Өвчний тархалт нь нэмэгдээд, эрүүл мэндийн салбар нь олон жил хөрөнгө оруулалт хийгдээгүй, хөл дээрээ сөхрөх хүртэл даац нь хэтэрчихсэн байхад нэмж хүмүүс авч ирээд ачааг нь нэмээд өгье гэсэн мөртлөө эрүүл мэндийн салбараа өөдтэйхөн шиг зэр зэвсгээр нь хангаж өгөхгүй, санхүүжилтаар нь хангаж өгөхгүй.

    Энэ хүмүүсийг “Нохойд барьдаг мод” гэдэг шиг зүтгүүлээд байвал болно гэж бодож байвал тэр бол хамгийн том эндүүрэл.

    Италийн хамгийн баян хэсэгт нь гараад нас баралт нь долоон хувьтай явж байна.

    АНУ-д хоёр мянган хүнд нэг, харин Монгол улсад 60 мянган хүнд нэг аппарат ногдож байна

    Монгол улсад гурван сая хүнд 160 ширхэг амьсгалын аппарат байдгаас 100 нь байнгын хэрэглээнд байгаа. АНУ-д өнөөдөр 160,000 ширхэг амьсгалын аппараттай, хоёр мянган хүнд нэг ширхэг аппарат ногдож байна гэсэн үг. Харин Монгол улс 60 мянган хүнд нэг ширхэг амьсгалын аппарат ногдож байна.

    Манай эмч нар супер хүн байгаад ч зэр зэвсэггүй бол энэ өвчнийг яагаад ч дийлэхгүй.

    Нөхцөл байдал ийм байхад яагаад 750 хүнийг нэмж авъя гэдгийг ойлгохгүй байна. Батлагдсан тохиолдлуудтай эрүүл мэндийн ажилтнууд хөл хорионд орсон хүмүүстэйгээ хамт тусгаарлагдаж, ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг чинь ингэж зүтгүүлсээр байтал шургаад ойчих вий.

    Монгол улсын хэмжээнд хэдэн эрчимт эмчилгээний мэргэшсэн эмч,мэргэжилтэн байдаг вэ? Энэ нөхцөл байдлаа ойлгоод зохион байгуулалтаа хийгээд явахын оронд ийм тэнэг шийдвэрүүдийг дараалан гаргаад байх юм бол санаатайгаар энэ өвчнийг оруулж ирж,тараах зүйл болох гээд байна. Үүнийг соёлтойгоор маш олон удаа хэлж өгөөд байхад төр засагт байгаа хүмүүс,Ерөнхий сайд та яагаад ойлгодоггүй юм бэ?

    Таны нэг сайд нь нөгөө сайдынхаа гаргасан шийдвэрийг мэддэггүй. “Оном” сангийн эрдэмтдийн багийн гишүүн Монголын вируслогийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч М.Алтанхүү профессор Эрүүл мэндийн яамны хамгийн гол эрдэмтдийн зөвлөх багийг ахлаад ажиллаж байгаа. Түрүүчийн тусгай онгоцын нислэгүүдийн талаар эрдэмтэд,эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдөж хоорондоо хол зайтай авах хэрэгтэй, олон хүн зэрэг ирэхээр халдварын тархалт ихсэх учраас авчирч байгаа хүмүүсээ сайн шинжилгээнд хамруулаад авч ирэхийг  зөвлөснийг Д.Сарангэрэл сайд УОК-т очоод хэлсэн.

    Д.Сарангэрэл сайд харин ч мэргэжлийн бус, сэтгүүлч гэж муулуулж байгаа боловч 2010 оноос хойш байсан сайдуудаас хамгийн сайн сайдуудын нэг нь.

    Зохион байгуулах чадвар сайтай, зоригтой, зорьсноо хийдэг. Тэнд эрүүл мэндийн салбарыг төлөөлөөд ганцхан дуу хоолой байгаа учраас Д.Сарангэрэл сайд эсэргүүцээд,эсэргүүцээд дийлээгүй. Сонгуулийн сурталчилгаанд бэлдэж байгаа биш дэлхийг сөхрүүлж байгаа халдварт өвчинтэй тэмцэж байна.

    Гадаадаас хүнд байдалд байгаа иргэдээ авах нь зөв боловч даацаа хэтрүүлэхгүйгээр,шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авах хэрэгтэй

    Гадаадад орох оронгүй, идэх хоолгүй байгаа иргэдээ авах нь зөв боловч шинжлэх ухааны үндэслэлтэй,зөв зохион байгуулаад, даацаа хэтрүүлэхгүйгээр, ажиллаж байгаа хүмүүсийнхээ нөхцөл байдалд нь тааруулаад хийж болно. Монгол улсын олон эрдэмтдээ авч ирээд зөвлүүлээд хийх ёстой. Тэрнээс биш хэдэн сайд,хэдэн дарга нар сонгуулиа бодоод мундаг хүмүүс болох гээд ийм зүйл хийгээд байх юм бол биднийг эргээд нугаслах юм болоод байна. Үүнийг яаж хийж болох вэ?

    Эхний ээлжинл нэг онгоцоор 250 хүнээ авч ирснийхээ  дараа 10 хоногийн дараа дахиад онгоцоо нисгэж болно. Нууц  үе нь 5-10 хоногийн зайтай гэж бодвол наад зах нь 10 хоногийн зайтай авч болно.

    Поп шийдвэрээ гаргасан хэвээр байвал бид тун удахгүй хүчин мөхөсдөнө. Энэ өвчин наадмаар, зун ч юм уу бидний хүссэнээр намжихгүй. Энэ вирус цагаа өөрөө тодорхойлж байгаа болохоос биш хүн тодорхойлохгүй. Шинжлэх ухаан вакцин гаргаж автал цаашид нэг жил үргэлжилж магадгүй. Дунд нь намжиж болох ч буцаад л гараад ирж болно.

    Бүх хөрөнгө мөнгөө энэ өвчний тэмцэхэд зориулж, бэлтгэлээ сайн хангаж,эрдэмтдийнхээ үгийг сонсож, нэг удирдлагад орох хэрэгтэй.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ