• АН, МАХН хуйвалдаж, сонгууль хойшлуулах санаархлаа Ерөнхийлөгчөөр хэлүүлэв үү

    Өчигдөр орой Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргаж УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Үүнийгээ илэрхийлсэн зарим асуудалтай нь бол олонхи хүмүүс санал нэг байна.

    Харин эрх мэдлийг төвлөрүүлэх гэдгийг олон хүн түүнийг өөртөө удирдлагыг төвлөрүүлэх нь гэж хүсч байна хэмээн дүгнэж байгаагаа сошиалаар илэрхийлж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгын талаар хэд хэдэн асуудлыг авч үзэж болохоор байна.

    Сонгууль хойшлуулах уриалгын шалтаг, шалтгаан

    Тэгвэл сонгуулийг хойшлуулах санаархал ба түүнтэй холбоотой томоохон хуйвалдаан байж магадгүй.

    Учир нь сонгуулийг хойшлуулах тухай ийм санал уриалга гаргах цаг хугацаа өмнө нь зөндөө байсан. Гэтэл намууд сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт мэдүүлмэгц гарсан олон нийтийн шүүмжлэл ид үргэлжилж байхад ийм санал гаргасан нь хардлага дагуулж байна.

    Н.Энхбаяр нарын эвсэл цалинг 5 сая болгож, үнэ төлбөргүй байр өгөх, АН буюу С.Эрдэнэ нар цалинг 3 саяд хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг шүүмжлэх хүн олон байсан. Энэ нь АН, МАХН хөшигний араар хуйвалдаж, сонгууль хойшлуулах санаархлаа Ерөнхийлөгчөөр хэлүүлэв үү гэх хардлагыг төрүүлж байна. Сонгуулийн сургаар АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нартай буйдхан уулзсан нь хэвлэлээр гарч байсан нь ч хардлагыг лавшруулж буй юм.

    Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргах шалтаг, далим гэж өөрөө ч үзэж, хүмүүс ч тэгж ярьж байна. Мөн дэлхий нийтэд тархсан шинэ коронавирусын тархалт, түүнтэй холбоотой эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэж байгааг шалтгаан болгож.

    Гэхдээ энэ бүхэн албаар зохион байгуулсан үйл ажиллагаа байж болох байдал ч ажиглагдаж байгаа. Хэрвээ энэ чигээрээ сонгуульд оролцох юм бол Монголд коронавирусыг тархахад хүргэлгүй зохион байгуулалт сайтай, сайн ажиллаж байгаа эрх баригч намыг ялахад хэцүү нь тодорхой. Тиймээс ч гаднаас авчирсан хүмүүс дундаа коронавирус илэрснийг ашиглан АН буюу С.Эрдэнэ улстөр хийхийг оролдсон ч ашиг хонжоо гаргаж чадаагүй юм. Харин ч өөрсдөө эвгүй байдалд орсон. Тиймээс дампуурсан амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүгээр шалтаглан сонгууль хойшлуулах боломж гаргахыг хүссэн бололтой. Үүнийг ЕТГ-ын дарга асан одоо АН-ын даргын зөвлөх хийж байгаа хүнтэй холбоотой гэж хардах хүмүүс ч олон байна.

    Төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэв үү

    Ерөнхийлөгч Х.Баттулга үе үе төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх хэмээдэг зантай. Өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үед буюу өнгөрсөн 2019 оны 9 дүгээр сард Ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдэхээр бол Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг асууя гээд үүнээсээ болж төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэгдэж байлаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн “..бүх ард түмний эв нэгдлийг сахин хамгаалагч байх” Үндсэн хуулийн суурь зарчмыг ч байнга зөрчинө. Энэ удаагийн уриалга эв нэгдлийн тухай мэт ч шууд утгаараа олон нийтийг хоёр талцан хэрэлдэхэд хүргэж байна.

    Ерөнхийлөгч уриалгадаа: …Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

    Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

    Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

    Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна… гэжээ. Үүнийг нь эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ээлжит оролдлого хэмээх хүн ч бас цөөнгүй байна. Тэдний нэг МУИС-ийн хуульзүйн багш, доктор О.Мөнхсайхан нүүр номондоо ийн бичжээ. Munkhsaikhan MC Odonkhuu “Утсаа хаагаад нямба хийх зуур Eрөнхийлөгч уриалга гэгч санаархлаараа айхтар юм цухуйлгажээ. Дөнгөж сая уншив. Ковид 19-г дагаж гарч буй тулгамдсан асуудлыг яаралтай, зөв шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан ЗГ хийнэ, хийж ч байна. Гэтэл, хажуугаар нь Eрөнхийлөгч хуулиас гадуур Онц бүрэн эрхт “комисс” байгуулна, төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү? Чоно борооноор гэж үг бий.

    Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд (улс төрчид,иргэний нийгмийнхэн, чөлөөт хэвлэл гэх мэт)-ийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох өндөр эрсдэлтэй” гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит уриалга ард түмний эв нэгдийн төлөө бус харин бусниулахад хүргээд байгаа мэт санагдана.

    Сонгууль хойшлуулчихаад хууль бус УИХ, Засгийн газар хэмээн дайрч татан буулгаж, төр, засгийн бүх эрхийг гартаа авах гэв үү                                                                                                      

    Энэ бол бас байж болох л хардлага. Шинээр нэмэлт өөрчлөлт хийн баталгаажсан Үндсэн хууль ирэх 5 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэрхүү хууль ёсоор Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн л давхар дээлтэй ажиллах боломжтой. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ёстой гэх үү. Ирэх 7 дугаар сард УИХ-ыг хууль бус гэж тараагаад эрх мэдлийг нь авах уу. Ингээд төр засгийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх үү. Ингэж тоглох уу, үүнийг зөвшөөрөх үү гэдэг л өөрөө хамгийн том асуудал.

    Сонгууль өөрийн гэсэн хуультай. Тэр хуулиаар бол сонгуулиас 6 сарын өмнө өөрчлөлт оруулах эрх байхгүй. Гэвч АН-ынхан уг хуулийн заалтыг зөрчихөө юман чинээ боддоггүй. Өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулиас ганц сарын өмнө тойрог мандат зурж байгаа нь энэ гээд яаж холион бантанг нь хутгалаа. Тэгвэл энэ удаа ч Сонгуулийг цаг хугацаанд нь явуулахгүй байхаар сонгуулийн тухай хуулийг нь зөрчүүлэхээр хуйвалдаж эхэллээ дээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ