• У.Хүрэлсүх:Улстөрд итгэл чухал,итгэлтэй хүнээ нэр дэвшүүлнэ

    2020-03-24

    Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Бага хурлаа хааж хэлсэн үгэндээ 2020 онд тус намаас нэр дэвшүүлэх гурван шалгуурыг нэрлэсэн байна.

    Тэрээр,

    Ёс  зүйтэй, итгэлтэй, ажил, амьдралын туршлагатай гэсэн гурван шалгуураар нэр дэвшигчдээ тодруулна гэжээ.  Эдгээр гурван шалгуураа дэлгэрүүлэн тайлбарлахдаа, эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн байна. Мөн улстөрд баг болж тоглоход итгэл  чухал учраас итгэлтэй байдлыг чухалчилна. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна гэжээ.

    Мөн МАН  ард түмнийхээ нэрлэснээр “ах нам” шиг байна, тийм учраас  хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье гээд эдгээр шалгуураар нэр дэвшигчээ тодруулна гэжээ.

    Мөн  Улаанбаатарын утааг эрс бууруулж байгаа ажлаа гүйцээх, нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулах, хоёр хөрштэйгөө тохирсны дагуу хийн хоолойг Монголоор дайруулах ажлаа дуусгах, 2016 онд дампуурах дөхсөн эдийн засгаа босгож ирсэн өнөөдрийн амжилтаа ахиулах гээд ард түмний захиас, хүлээлт олон байгаа учраас МАН сонгуульд ялахын төлөө ажиллана гэлээ.

    Түүнчлэн  сонгуульд оролцох намын ажил тусдаа, Засгийн газрын ажил тусдаа явна гэдгийг хэлье. Засгийн газрын хувьд коронавирусийн халдвараас  иргэдээ, эдийн засгаа аль болох боломжит хувилбараар хамгаалж үлдэхийн тулд өдөр, шөнөгүй ажиллаж байна гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ