Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр 00:00 цагт дуусна

Энэ 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-нд явагдана. Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан Үндэсний аудитын газарт хүргэж өгч байна.

Нам, эвслээс мөрийн хөтөлбөр ирүүлэх хуулийн хугацаа өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагт дуусгавар болох юм.

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 -д “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заажээ.

Үндэсний аудитын газар “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх…”-ийг хянаж, дүгнэлт гаргах аудитын бэлтгэл ажлыг хангасан тухайгаа мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний дотор шийдвэрлэнэ. Үүний дараагаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж Сонгуулийн тухай хуулинд заажээ. Энэ хугацаа нь 2020.5.10-16-ныг дуустал байх аж.

Gereg.Mn

Намууд УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна

Posted by Gereg.Mn on Monday, March 23, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ