• О.Амартүвшин:Яаралтай арга хэмжээ авахгүй бол 260 мянган хүн ажилгүй болж,20 мянган компани хаалгаа барина

    2020-03-24

    МҮХАҮТ-аас 1500 гаруй компанийн дунд хоёр дахь удаагаа явуулсан коронавирусын эдийн засаг дахь нөлөөллийн судалгааны дүнг танилцуулж байна.

    Хоёр долоо хоногийн өмнө хийгдсэн судалгааг энэ удаагийнхтай харьцуулбал:

    1. Эхний судалгаагаар нийт ААН-үүдийн 4.5 хувь нь ажлын байраа цомхотгож байна гэсэн бол  өнөөдөр энэ тоо 33 хувь болж өссөн байна
    2. Эхний судалгаагаар ААН-үүдийн 57 хувьд нь маш их нөлөө үзүүлж байгаа гэсэн бол өнөөдөр энэ тоо 67.4 хувь болж нэмэгдсэн
    3. Нийт ААН-үүдийн 65 хувийнх нь орлого ямар нэгэн байдлаар буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа нь доголдсон,32 хувь нь бүх шаардлагатай зардлаа бууруулсан байна. Үүнээс цааш ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй гэжээ.

    Өөрөөр хэлбэл, хоёр долоо хоногийн хугацаанд эдийн засаг, хувийн хэвшлийнхэнд үзүүлэх нөлөөлөл ийнхүү өөрчлөгджээ.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хоёр сар хүрэхгүй хугацаанд аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар цомхотгосон байна. Өмнөх жилүүдийн хямралтай харьцуулж үзвэл Засгийн газраас илүү дорвитой арга хэмжээ авахгүй бол нийт 260 мянган хүн ажилгүйдлийн эгнээд шилжиж,20 мянган компани хаалгаа барьж, гинжин хямрал үүснэ” гэв.

    Ажлын байраа цомхотгосон салбараар авч үзвэл:

    • Аялал,жуулчлал
    • Хөнгөн үйлдвэр, хүнс
    • Зочид буудал
    • Тээвэр

    Нийт судалгаанд оролцогчдоос 60 хувь нь төрөөс санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэж харин 50 хувь нь НДШ-ийн хугацааг нь хойшлуулах хэрэгтэй гэж хариулжээ.

    Тайлбар-1:Хоёр долоо хоногийн өмнөөс Засгийн газраас НДШ-ийн хугацааг тодорхой хугацаагаар хойшлууллаа гэсэн боловч шийдвэр хэрэгжээгүй,холбогдох төрийн байгууллагууд дарамт шахалт үзүүлсэн хэвээрээ байгаа аж.

    Тайлбар-2:Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногоор сунгах” шийдвэр одоо хүртэл албажаагүй байна.Өөрөөр хэлбэл, иргэд,ААН-үүд арилжааны банкуудад хандахад шийдвэр албажиж ирээгүй, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байгаа аж.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин”Төрийн шийдвэрүүд ямар ч судалгаагүй гардаг нь эргээд хувийн хэвшлийнхэнд дарамт болдог нь харагдаж байна” гэлээ.

    Тус судалгааг хийж гүйцэтгэсэн эдийн засагч Б.Дөлгөөн ” Маш хурдан,яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол эдийн засагт маш хүчтэй шок бий болно.

    Дэлхий дахинаа коронавирусээс болоод эдийн засгийн нөлөө нь өмнөх Sars,Mers биш 2009 оны хямралын шинж чанартай илүү адилхан байна.

    Эдийн засагт томоохон төвшний шок үзүүлэхээр байна.

    Засгийн газраас арга хэмжээ авч байна гэж байгаа боловч энэ бол хангалтгүй. Бид нар эдгээрээс том арга хэмжээ авч байж энэ хямралыг давж гарна”гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ