Сонгууль-2020: АН, МАН дангаараа, бусад 17 нам гурван эвсэлд багтаж сонгуульд оролцоно

Энэ 2020 оны УИХ-ын сонгуульд нам, улстөрийн хүчнүүд оролцох хүсэлтээ энэ сарын 25 буюу маргаашийн дотор СЕХ-нд, мөрийн хөтөлбөрөө Аудитын Ерөнхий газарт тус тус хүргүүлэх учиртай. Монгол улс 36 улстөрийн намтай. Үүнээс одоогоор МАН, АН, МАХН, ШИНЭ намууд парламентад суудалтай.

Энэ жилийн сонгуулийн ажил дэлхий нийтээрээ шинэ коронавирустай тэмцэж буй чухал тэмцэлтэй зэрэгцэн болж байгаа нь онцлог. Тиймээс ч намууд сүүлийн хэд хоногт намынхаа хурлуудыг онлайнаар хийлээ. Парламент дахь сөрөг хүчин АН хамгийн эхлээд хурлаа хийсэн. Өчигдөр эрх баригч МАН хурлаа хийлээ. Тус намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдагийн хувьд дангаараа сонгуульд оролцохоо зарлав.

Тус намуудаас 28 тойргийн 76 мандатад гишүүдээ нэр дэвшүүлнэ.

“Шинэ эвсэл”  11 нам, 109 ТББ нэгдлээ

Улс төрийн 11 нам,  109 төрийн бус байгууллага, 26-н мэргэжлийн байгууллагуудын  холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газар хүргүүллээ. Шинэ эвсэл Шударга иргэдийн эвсэл /ШИНЭ/нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам,  Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж байна.

“Шинэ эвсэл”-ийн даргаар Ж.Батзанданг сонгожээ. Мөрийн хөтөлбөртөө “Шинэ эрэлт”-ийн 21 бодлого боловсруулан олон нийт эрдэмтэн судлаачид болон эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна. Уг бодлогод авилгач албан тушаалтан өршөөлд хамрагдсан хууль тогтоомжийг үгүй болгох, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг ард түмэнд эргүүлэн олгох, авлигад автсан хууль тогтоомж байгууллага хуулийн этгээдүүдийг цэвэрлэх, улс төрийн шинэчлэл хийх мөн эдийн засаг санхүүгийн салбарт томоохон шинэчлэл хийх, өнгөрсөн 30 жилд хуримтлуулсан 30 тэрбум ам долларын өрийг 3 сая ард түмнээр бус тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн онцгойлон “Хөгжлийн хурд” хөтөлбөрийн дагуу 200 мянган ажлын байр бий болгож ажиллахаа онцолсон. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар мөрийн хөтөлбөр зорилт хэрэгжүүлэлтийн талаар мэдэгдэл хийсэн.

ХҮН, СДН, Зүй ёс намууд “Зөв хүн электорат” эвсэл байгууллаа

ХҮН, СДН, Зүй ёс намууд нэгдэн “Зөв хүн электорат” эвсэл байгуулж байгаагаа зарлаж, эвслийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай “Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлсэн юм.

“Зөв хүн Электорат” эвсэл Монгол оронд үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, үндэсний язгуур эрх ашиг, түүх, соёл, уламжлал, эв нэгдлйг эрхэмлэн дээдэлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн арчдиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ.

Эдгээр гурван нам үзэл санаа, нийгмийн бодлогын хувьд ижил төстэй бөгөөд МАНАН тогтолцоог халж, нийгэмд шударга ёс, эв нэгдлийг авчирч, цэвэр тунгалаг нийгмийг цогцлоохын тулд хатан тэмцэхээ илэрхийллээ. Тус эвсэл дунд, залуу үеийн төлөөллийг улс төрд гаргахаа мөн илэрхийллээ.

МАХН, ИЗНН, МУНН “Та бидний эвсэл” байгуулж сонгуульд оролцохоо зарлав   

МАХН-ын Бага чуулганы гуравдугаар сарын 22-ны, Иргэний зориг ногоон намын үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний, Монголын уламжлалын нэгдсэн намын улс төрийн зөвлөлийн гуравдугаар сарын 21-ний тогтоолоор “Та бидний эвсэл” байгуулах шийдвэрийг албажуулж мөрийн хөтөлбөр, дүрэм, эвслийн гэрээг байгуулжээ. Эвслийнхээ гэрээг баталгаажуулж өчигдөр гарын үсэг зурах ёслол хийлээ.

“Та бидний эвсэл”-ийн тэргүүнээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгогдсон бол дэд даргаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд нар ажиллах гэнэ. Харин удирдах зөвлөлд намуудаас 15 хүний төлөөлөл багтсаныг энэ үеэр танилцууллаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр онцгой нөхцөл байдлаас шалтгаалж 14 хоногийн тусгаарлалтад байгаа учраас МАХН-ыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд нар “Та бидний эвсэл”-ийг баталгаажуулж гарын үсэг зурав.

“Та бидний эвсэл”-ын нэн  тэргүүнд хийх ажлын талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Улс төр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөгийн гаж тогтолцоог үндсээр нь өөрчилж эрхзүйт төр засгийг жинхэнэ утгаар нь эмхлэн байгуулахаар тохиролцож нэгдэн орсон улс төрийн намууд эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эвслийн нэн даруй хэрэгжүүлэх бодлогод Сонгуулийн тухай хуулийн хүний эрх эрх чөлөөг хааж боогдуулж зөрчсөн заалтуудыг өөрчилнө. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан ард түмний саналаар  хэлэлцүүлж батална. Монгол хүн төр засгийн хамгаалалтад байх, байгалийн баялаг ард түмний дундын өмч, бүх шатны шүүгч нарыг ард түмэн сонгоно. Засаглалын бие даасан бүтцийг бий болгох, парламент хоёр танхимтай байх, төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр, төрийн өмчийн эмнэлгийн үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж, өрх бүрийн орон сууцтай болгох зарчмыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж баталсан” гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ