• Э.Бат-Үүл, хүү Б.Чулуудайн хамт 13.5 тэрбум төгрөгийн хэргээр шалгагдаж байна

    Тодруулбал, хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн Гранд лайн” компани нь Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт “Түмэн амгалан” хэмээх цогцолбор хороолол барина хэмээн баахан айлыг нүүлгэж, газрыг нь чөлөөлж авсан.

    Тухайн үед олон нийт эсэргүүцэж, “Хотын даргын хүү ашиг сонирхолын зөрчилтэй” хэмээн сануулж байсан ч Э.Бат-Үүл хүүгээ зад өмөөрөн “Миний хүү барилга барьж болдоггүй юм уу” хэмээн зүтгэж байлаа.

    Аавынхаа дэмжлэгээр хотын дахин төлөвлөлтийн ажилд оролцох болсон Б.Чулуудай “Түмэн-Амгалан хотхоныхоо нээлтийг сүр дуулиантай хийж, БНТУ-ын “216 YAPI” ХХК-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Билэнт Дүндари, “Түмэн Амгалан” төслийн Монголын талын төлөөлөгч болох “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нар гар барьсан зургаа бүхий л хэвлэлийн хуудсан дээр нааж байсан цаг саяхан. Гэвч буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгчийн үлгэр болоод байна.

    Б.Чулуудай “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл аваад зогссонгүй. Аавынхаа нөмөр нөөлөг дор Улаанбаатар хотын банкнаас мөн 3.3 тэрбум төгрөг зээлжээ.

    4.5 тэрбум гэдэг их мөнгө.

    Гэвч энэ мөнгийг Б.Чулуудай үр ашиггүй зарцуулж, “Түмэн-Амгалан цогцолбор барих ёстой газар дээр хэдэн овоолсон шороо л үлджээ.

    Б.Чулуудай барилга барих ажлаа орхиж, өр зээлтэй “Гранд лайн” ХХК-иа “Бэрэн” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрд 1 их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Харин танхил хүүгийнхээ тарьсан өрийг дарахаар Э.Бат-Үүл дахин хууль зөрчжээ.

    Тэрээр ТОСК-ийн даргатай хуйвалдан хүүгийнхээ компаниа зарсан мөнгийг “Бэрэн” компаниас гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн байна.

    Хөгжлийн банкны 9 тэрбум төгрөгөөр Э.Бат-Үүл даргын хүүгийн компанийг зарах ажлыг зохион байгуулсан ТОСК-ын захирал А.Гантулга хахуульд нь 12 мянган ам долларыг дүүгийнхээ компаниар дамжуулан авсныг АТГ тогтоогоод байгаа юм.

    Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан.

    Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татан шалгаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ