
Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.
Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.
Дорноговь аймагт өмнөх долоон удаагийн сонгуульд МАН ялж ирсэн ба энэ хугацаанд буюу 2008 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Я.Батсуурь сонгогдсоныг эс тооцвол. Өмнөх сонгуулиар Говьсүмбэр аймагтай хамтдаа хоёр тойрог болж байсан бол энэ удаа Говьсүмбэрийг Дундговьд аваачаад нааж орхисон. Тиймээс Дорногвь хоёр мандаттай хэвээр үлдээд байна.
Дорноговиос Ц.Шаравдорж 4 удаа УИХ-д сонгогдон сууж байсан нь хамгийн олон сонгогдсон гишүүн. Харин Ц.Шаравдорж эдүгээ Н.Энхбаярын МАХН-д орсон.
2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн “Болдтөмөр Ерөө гол” компанийн Б.Дэлгэрсайхан, яруу найрагч Г.Мөнхцэцэг нар сонгогдсон. Энэ удаа Г.Мөнхцэцэг горилоход хэцүү байгаа бололтой. Учир нь түүнд УИХ-д 4 жил суугаад олигтой хийж бүтээсэн зүйл алга.
Харин Б.Дэлгэрсайханы хувьд дахин нэр дэвших мандат авах сурагтай. Харин түүнтэй дөрөө харшуулахаар Л.Одончимэд агсаны хүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаяр нэр дэвших сураг гарч байна. Гэхдээ тус аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Т.Энхтүвшин бас нэр дэвшчих санаатай байгаа гэлцэнэ.
АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцааны бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэл, түүнтэй хамт аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар нар өрсөлдөх сурагтай. Д.Алтангэрэлийн хувьд эдийн засагч мэргэжилтэй ч дорноговьчуудад төдийлөн “танил” бус хүн бол Г.Ганбаатарын хувьд 2016 оны сонгуульд өрсөлдөж, ялагдаж байсан юм. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн квотод Г.Гантогтох гэх эмэгтэй яригдаж буй юм байна. Бусад намаас хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй